2021.01.11
С.Одонтуяа гишүүн Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрөгч арваннэгдүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай нислэгээс Сөүл-Улаанбаатарын 5, Франкфурт-Улаанбаатарын 1, Токио-Улаанбаатарын 1 гээд нийт 7 нислэгийг цуцалсан.
Нислэг цуцлагдсан нөхцөл байдлын улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа.
Сөүл-Улаанбаатарын таван нислэг цуцлагдсантай холбоотойгоор Солонгос улсаас эх орондоо ирэх байсан иргэд хүнд байдалд орсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан Монгол Улсын иргэддээ яаралтай туслахыг шаардаж, өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, Шадар сайд, улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт шаардлага хүргүүлсэн.