УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Японы элчин сайдтай цахим уулзалт хийлээ
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюкитой цахим уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкитой цахим уулзалт хийж Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
КОВИД-19-ын эсрэг вакцинийг цаг алдалгүй Монголд нийлүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, вакцины талаарх шинэ мэдээллийг түргэн шуурхай солилцох, Япон Улсын зүгээс Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний сайн жишээг Монголд нэвтрүүлэх зэрэг олон асуудлаар санал солилцлоо.
Цахим уулзалтын мэдээллийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай санал хүргүүллээ.