"Монгол Улсад вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах” талаар албан ёсны хүсэлт тавьлаа
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ОХУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизовтой цахим уулзалт хийлээ.
Тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Япон, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдуудтай цахим уулзалт хийж “Монгол Улсад вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах” талаар албан ёсны хүсэлтийг уламжилсан юм.
Улаанбаатар хот, 21 аймагт хорио цээрийн голомт, эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа Төрийн болон Төрийн үйлчилгээний албан хаагч болох 20.000 гаруй хүний эрүүл мэндэд анхаарах, эхний ээлжинд вакцинд хамруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизовтой цахим уулзалт хийж аюулт цар тахлын энэ хүнд цаг үеийг хамтын хүчээр даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цахим уулзалтаар санал солилцсоны дараа Элчин сайд И.К.Азизовын зүгээс Монгол Улсын хэмжээнд албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдад үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр вакцин нийлүүлэх асуудлыг ОХУ-ын Эрүүл мэндийн сайд М.А.Мурашко, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга К.А.Дмитриев нарт тавьж, түргэн шуурхай арга хэмжээ авч ажилласанд талархал илэрхийлье.
Цахим уулзалтын хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваад эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтнуудтай холбогдох журмын дагуу хамтран ажиллаж, вакциныг дэлхийн зах зээлд нийлүүлэх онцгой эрхт байгууллагаас гаргасан мэдээллийг тухай бүрт шуурхай ирүүлэхийг хүссэн албан бичиг, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нарт хүргүүлж цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, дээрх орнуудтай вакцин нийлүүлэлтийн талаар холбоотой ажиллах тухай саналыг тус тус хүргүүллээ.