Аврагч Б.Үнэнмөнхөд шинэ байрны түлхүүр гардууллаа
2020.12.30

Аврагч Б.Үнэнмөнхөд шинэ байрны түлхүүр гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Буянт-Ухаа 2 орон сууцны хороололд аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнхөд 3 өрөө шинэ байрны түлхүүр гардууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжаа авсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлөөс аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнхөд дурсгалын зүйл гардуулан баяр хүргэв.

Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн харьяа байгууллагын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорч өргөмжлөл, шагналыг ажлын байранд нь хотын дарга биечлэн гардуулж өгч байгаа юм.

Б.Үнэнмөнх энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, гамшиг ослын дуудлагад 80 удаа ээлжийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаандаа 128 хүний амь аварч, ослын голомтоос дөрвөн хүнийг гарган дараагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.