2020.12.23
Жижиг, дунд үйлдвэрийн газраас 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай судалгаа гарчээ
Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны цахим хуралдаан өнөөдөр (2020.12.23) 09 цаг 40 минутад эхэлж, тус дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөний үйл ажиллагааны мэдээллийг сонслоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь муу зээл, хүү, алданги зэрэг асуудлаас улбаалж 240 гаруй тэрбум төгрөгийн авлагатай гарсан судалгааг Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан. Иймд эх үүсвэрийг судлах, мониторинг хийх зорилгоор дэд хорооны гишүүд газар дээр нь ажиллах асуудлыг ирэх оны төлөвлөгөөний эхэнд нэмж оруулах тухай санал хэлэв.
Дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд болон бусад гишүүдээс гарсан саналыг тусгах, аж ахуйн нэгж, компани болон ЖДҮ-ийг дэмжих холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах саналыг мөн хэлж байв. Ийнхүү Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөг батлах горимын санал тус дэд хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.