Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао дайнд бэлдэхийг тушаажээ
2011.12.09

Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао дайнд бэлдэхийг тушаажээ

 

Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао дайнд бэлдэхийг Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ командлалдаа тушаасан тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.


Уг нь “мэргэн”, болгоомжтой бодлогоороо алдартай Хятад улсын хувьд ийм мэдэгдэл нь зөөлнөөр хэлэхэд их хачин байна. Иймээс Ху Жин Таогийн мэдэгдлийг орчуулахдаа алдсан байх хэмээх болгоомжлол үүссэн байна. Ху даргын эрс хатуу мэдэгдлийн талаар Их Британийн шинжээчид “Хятад хэлнээс энэ үгийг зэвсэгт тэмцэл эсвэл цэргийн мөргөлдөөн гэж орчуулж болно” гэж тайлбарлажээ. Гэхдээ үүнээс болоод мөн чанар нь бараг өөрчлөгдөхгүй.


Ху Жин Тао дарга “ТЦХ ойрын жилүүдэд өөрчлөлт шинэчлэлээ дуусган, дайнд бэлдэж, үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэхэд бүх хүчээ дайчлан, чиглүүлэх ёстой” хэмээжээ. Тэрбээр энэ мэдэгдлийг 12-р сарын 6-нд Хятадын батлан хамгаалах, улстөрийн удирдлагын зөвлөгөөн дээр хийсэн юм.


Энэ мэдэгдэл Хятадын хөршүүдийг /түүний дотор ОХУ/ түгшээж байна. Ер нь сүүлийн жилүүдэд Хятадын милитарист амбиц ойрын хөрш орнуудыг нь төдийгүй АНУ-ыг ч гайхашруулж болсон.


Хятад улс энэ жил нисэх онгоц тээвэрлэгч аварга том хөлөгтэй болох хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан төдийгүй хөлөг онгоцны эсрэг шинэ пуужингаа бүтээхээр идэвхийлэн ажиллаж байгаа. Мөн ТЦХ-ээ өөрчлөн шинэчилж байгааг нэмэх хэрэгтэй.


Хятадын тэргүүн дээрх мэдэгдлээ жил тутам зохион байгуулагддаг Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө хийсэн нь их анхаарал татаж байна. Уг дээд хэмжээний уулзалт дээр Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли бүлэг арлуудын асуудлыг шийдэхээр төлөвлөсөн юм.


Өөрөөр хэлбэл Бээжин энэ асуудлыг өөрт ашигтайгаар шийднэ гэдгээ ил тодоор АНУ-д харуулсан хэрэг. Тэгээд ч Хятадын тал өмнө нь “Спратлинь бол Хятадын салшгүй нэг хэсэг” гэж удаа дараа мэдэгдсэн. Нэмж өгүүлэхэд уг арлыг Хятадаас гадна Вьетнам, Филиппин, Малайз, Бруней, Тайвань ч булаацалддаг. Яагаад гэвэл Энэтхэгийн далайгаас Номхон далай хүрэх тээврийн гол зам Өмнөд Хятадын тэнгисийг дайрдаг бөгөөд энд нефть, байгалийн хийн асар их нөөц илэрсэн юм.


Өсөн томорч байгаа Хятад улсын эдийн засагт өнөөдөр байгалийн баялаг, нөөц нь хамгийн гол асуудал. Гэхдээ Хятад улсын амбицад АНУ-аар дэмжүүлсэн олон өрсөлдөгч саад тотгор учруулах нь гарцаагүй. Бээжин энэ асуудлаар ялангуяа Филиппин, Вьетнамтай харилцаа хурдцадмал байгаа билээ.


Хятадын амбиц мөн Индонезийг ч түгшээж байна. Энэ улс маргаантай арлуудын ойролцоо, далайн гүнд орших байгалийн хийн том ордоо ашиглаж эхэлсэн. Шинжээчид “Энэ ордын ашиглалт нь Хятадын өөрийн гэж зарласан бүсийг ч хөнддөг” гэж нотолж байна.


Ялангуяа АНУ дээрх асуудалд их санаа тавьж, “хятад луу”-г барьж тогтоох тооцоотойгоор зарим улс орны эвслийг байгуулахыг оролдож байгаа. Чухам иймээс л АНУ-ын Ерөнхийлөгч Обама 11-р сард Австралид цэрэг, зэвсгийнхээ тоог эрс нэмэгдүүлсэн. Ийнхүү америкчууд энэ улсыг Хятадын эсрэг чиглэсэн цэрэг армиа байршуулах чухал бааз болгохоор төлөвлөж байна.


Иймээс л Хятад улс төрийн тэргүүнийхээ амаар дээрх алхамд нь хариу барьсан бололтой. Гэвч АНУ болон түүнийг дагалдагч орнуудын эсрэг зогсох тэнхээ Хятад лууд бий юу? Энэ асуудалд ОХУ-ын Геополитикийн асуудлын академийн дэд ерөнхийлөгч К.Сивков хариуллаа. Тэрбээр “Яг одоо Хятад улс тэнгисийн цэргийн флотоор АНУ-аас асар хоцорч байгаа. Жишээлбэл Хятад улсад нисэх онгоц тээвэрлэгч хөлөг цорын ганц бий, гэтэл АНУ-д зөвхөн одоо зэвсэглэлд байгаа нь 12” хэмээн тайлбарлав. Түүнчлэн Хятадын атомын шумбагчууд хэт чимээ шуугиантай учраас АНУ-ын акустик системд дороо баригдах аюултай. Мөн балластик пуужингийн тусгал нь ердөө 1700 километр байгаа нь зохих хариу барихад хангалтгүй юм.


Гэхдээ ойрын 10 жилд нөхцөл байдал эрс өөрчлөгдөх байх. Хятадууд одоо атомын хөдөлгүүртэй нисэх онгоц тээвэрлэгчийг хэд хэдээр нь үйлдвэрлэж байгаа. Мөн атомын шумбагч хөлгийн флотоо чанаржуулж, тоог эрс нэмэгдүүлж байна. Одоогийн чимээ шуугиантай АПЛ-ийн оронд атомын шинэ субмаринууд ирж, зэвсэг тоноглол ч эрс хүчирхэгжих гэнэ. Хятадын далайд байрлуулах шинэ балластик пуужин 8000 км тусгалтай тул америкчуудад нэлээд аюултай болж ирнэ. Түүнээс гадна хятадууд байлдааны бусад хөлөг онгоц, эсминец, фрегатын тоог ч эрс нэмэхээр төлөвлөжээ. Иймээс жил ирэх тусам Хятадыг тогтоон барих нь АНУ-д улам хэцүү болох магадлалтай.
Харин Ху Жин Таогийн дээрх мэдэгдэл нь оросуудад тун эерэг мэдээ юм. Учир нь Хятад улс Хуурай замын анги нэгтгэлээ бус харин Тэнгисийн цэргийн флотоо /ТЦФ/ хөгжүүлж эхэлсэн нь энэ улс ойрын болон алсын ирээдүйд өөрийн армийг хойшоо, ОХУ руу биш харин өөр чиглэлд хөдлөхийг баталж байна.


Энэ ч ойлгомжтой. Хятад улсын хувьд амин чухал зүйл бол түүхий эдийг баталгаатай авах. Тэд тэртэй тэргүй нефть, байгалийн хийг оросуудаас өөрт тохиромжтой үнээр авч байгаа. Гэхдээ энэ нь өсөн томорсоор байгаа эдийн засагт хангалтгүй учраас Хятад улс дэлхийн өнцөг булан бүрд ашиг сонирхлоо хамгаалахаар өөрийн ТЦФ хөгжүүлэхийг чармайж байна. Хятад өнөөдөр Ливиэс өөрийг нь түлхэн гаргасныг дуугүй өнгөрөөсөн ч маргааш зохих хэмжээгээр хүчирхэгжсэний дараа өөрийн эрхээ тулган шаардах байх. Тэр үед Хятадыг үл тоох боломжгүй болно.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.