С.Бямбацогт: Эрх үүргийн давхцал үүсгэж болохгүй
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.15/ Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2020.05.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асуулаа:
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид сар гаруйн өмнө томилогдоод ажилдаа орсон энд сууж байна. Энэ хуулийг боловсруулсан Хүний эрхийг хамгаалах эрх зүйн байдлын тухай хуулийг Д.Сүнжид гишүүн боловсруулаад, Д.Цогтбаатар гишүүн мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн байна. Тэгэхээр тэр үеийн болон өнөөдрийн нөхцөл байдал хоёр өөр болсон байна. Энэ хууль бол Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээс харахад 2019 оны хоёрдугаар сард ЗГ-ын хуралдаанаар орсон буюу 2018 оны нөхцөл байдал дээр санаачлагдан, боловсруулагдан УИХ-д өргөн баригдсан байна. 2020 оны нэгдүгээр сард ХЭҮК-ийн тухай хууль баталсан.
Энэ хууль баталснаар таван гишүүнтэй ажиллаж байгаагаараа ХЭҮК -ийн бүрэн эрх, үүрэг нь улам илүү нэмэгдсэн байна. Илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Үндсэндээ төрийн өндөр албан тушаалтанууд болж эрх, үүрэг нь нэмэгдээд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалах бүрэн бололцоотой болсон гэж үзэж байгаа. Одоо зэрэгцээд дахиад нэг байгууллага байгуулж, улсын төсвөөс санхүүжүүлээд ХЭҮК-тай эрхээ булаацалдаад эхлэх биш үү. Тэр үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. ХЭҮК-ийн тухай хуультай болсон. Одоо тэгвэл зайлшгүй хэрэгтэй юу үгүй юу? Эрх үүргээ булаацалдаж, зөрчилдөх үү? Зайлшгүй шаардлагтай юу?
Хүний эрх гэдгийн цаана нэг хүний эрх, нөгөө хүнийхээ эрхийг зөрчихгүй байхаар хязгаарлагдах ёстой. Хүнийг гутааж, доромжилох нь хүний эрх үү? Гүтгүүлж байгаа хүний эрх гэж байгаа бол доромжлуулж байгаа хүний эрх бас хамгаалагдах ёстой. Жишээ нь: хэдхэн жилийн өмнө нэг эмэгтэй ДОХ-той гэж гүтгүүлээд сэтгэл санаагаар унаад, амиа хорлож байсан. Энэ хүний эрхийг хэн хамгаалах вэ? Нөгөө талаар итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлсэн, шүүмжлүүлсний төлөө хүн хариуцлага хүлээж болохгүй. Үүн дээр ХЭҮК яаж ажиллаж байна вэ? Гэхдээ энд зааг ялгаа байх ёстой.