2020.12.11
Ц.Даваасүрэн: Үндсэн чиглэл байхгүй бол хууль санаачлахгүй гэсэн заалтаар УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх хязгаарлагдсан
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:
Энэ гарч байгаа тогтоолын агуулга бол хууль тогтоомж боловсруулах үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг санаачлах эрхийг ЗГ-т олгоод байгаа юм. Манай гишүүд үүнийг анхаараарай. Хоёр дахь заалтаараа Их хурлын гишүүн Ерөнхийлөгчид хамаарахгүй гээд байгаа чинь үндсэн чиглэлд тусгагдаагүй хуулийг та нар санаачлахгүй шүү гээд байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Их хурал, Засгийн газар хоёр байр сууриа өөрчилчихлөө. Үндсэн чанартаа хууль тогтоох дээд байгуулага чинь ЗГ болчихлоо. Нэн яаралтай горимоор оруулж ирнэ. Одоо үүгээр үндсэн чиглэлд байхгүй бол хууль санаачилж оруулж ирэх эрхээ авчихаж байна. Үнэн чанартаа төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний төлөөлөл гээд байгаа бид чинь бол кноп чин, үг хэлдэг, асуулт асуудаг хүн болоод хувирчихаж байна. Хууль санаачлъя гэхээр үндсэн чиглэл байхгүй байна уучлаарай гэж байна.
Олон түмэн бидэнтэй уулзалт хийхэд энэ хуулийг санаачилж өгөөд байгаа хууль нь үндсэн чиглэлд байхгүй байвал санаачлах эрхгүй болчихож байна. Энэ чинь үндсэн хууль зөрчиж байгаа юм. Үндсэн хуулиараа төрийн эрхэт дээд байгууллага ард түмний төлөөллөөс бүрдэнэ гэсэн. Ард түмний санаачил гээд байгаа хуулинд ямар нэг байдлаар хориг саад хийх боломж байхгүй. Энэ тогтоол чинь тийм зөрчилтэй харагдаж байгаа юм.
Гишүүдийн зарим нь шингээд байх шиг байна. Нэлээн олуулаа ороод ирсэн учир сул талыг нь ашиглаад улам хууль санаачлах эрхийг нь боомилох асуудал орж ирж байна. Гишүүд бяраа мэдээд ирэхээр өөр байр сууриар хандлага гаргаж байна. Энэ бол төрийг тогтворгүй байдал руу явуулна. Хэтэрхий их Их хурал, төрийн эрх барих дээд байгууллага руугаа бярдаж Засгийн газар хандах юм бол цаашдаа тогтворгүй байдал руу явж магадгүй. Би гишүүдтэй санал нэг байна. Олон түмний санаачлаач гэсэн хуулийг бид нар хийж чадахгүй болох нь байна.
Нөгөө талаасаа Дубайн гэрээний талаар гишүүдийн хэлж байгаатай санал нэг байна. Оюу-Толгойн асуудлыг оруулъя гэхээр хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсруулах үндсэн чиглэл байхгүй юм байна уучлаарай гээд санаачлах эрхийг нь хязгаарласан. Ийм алхамыг гүйцэтгэх засаглал хийж байгаад би үнэхээр харамсаж байна.
Хууль тогтоох дээд байгууллага чинь Их хурал. Та нар төсвийн эрх мэдлийг авсан. Засгийн газрын сайд, гишүүдэд хяналт тавих эрх мэдэл, огцруулах, чөлөөлөх бүх асуудлыг нь авсан. Одоо энэ Их хуралд асуулт асууж, хариулт авахаас өөр юм байхгүй болж байна. Хууль санаачлах эрхийг нь авчихаар бид дөрвөн жил юу хийж суух вэ?
Тийм учраас би энэ хуулийн тогтоолыг дэмжихгүй байна. Би тэр олон түмний санаачил гэсэн хууль бүрийг санаачлах болно. Хэрвээ тэдний эрх ашигт хууль санаачил гэвэл би санаачилна. Энэ үндсэн чиглэлээр боомилох гэвэл би Цэцэд өгнө. Өөр арга алга. Яагааад гэвэл Үндсэн хууль тийм юм. Ард түмэн төлөөллөөрөө дамжуулж хууль тогтоох эрхтэй. Тэрэнд нь ЗГ ямар нэг хязгаарлалт тавьж болохгүй. Хууль дээр бие биенийхээ эрхийг хязгаарласан хууль санаачилж болохгүй гэж байгаа. Яагаад энэ тогтоолоор УИХ-ын гишүүдийн санаачлагын эрхэнд халдаж байгаа юм. Тийм учраас энэ тогтоолоо татаж ав гэж хэлмээр байна.
Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
Ц.Даваасүрэн гишүүн маш буруу ойлголттой байна. Энд УИХ-ын гишүүн болон бусад хууль санаачлах эрх бүхий субъектүүдийн эрхийг хязгаарласан нэг ч агуулга, заалт байхгүй. УИХ-ын тогтоолоор Монгол Улсын 78 хууль санаачлах эрх бүхий субъектийн эрхийг хязгаарладаг тийм эрх зүйн зохицуулалт гэж огт байхгүй. Үндсэн хуулинд 76 гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн ийм 78 субъект хууль санаачлах эрхтэй болохыг хуульчилж өгсөн.