2020.12.09
Л.Энх-Амгалан: Хамтарч ажиллана гэж тангараг өргөсөн хүмүүс байр сууриа нэгтгэх нь чухал
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/ “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Хамтарч ажиллаж чадахгүй бол ажилаа өгцгөө. Хамтарч ажиллана, Монгол төрийн төлөө ажиллана, улс орны эрх ашгийг дээдлэж ажиллана гэж та нар бүгдээрээ зэрэгцэж зогсож байгаад тангараг өргөсөн. Цаашдаа байнгын хороон дээр зөвхөн СЕХ-ны даргын байр суурийг сонсоно.
Бид нар энэ хар муу машинаар УИХ-ын гурван удаагийн сонгууль, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн сонгууль хийсэн. 2012, 2016 онд бид нар аймаг, УИХ-ын сонгуулийг хамтад нь энэ машинаар хийсэн. Дөнгөж сая болоод өнгөрсөн сонгууль. Орон нутгийн сонгуулийг аймгийн ИХТ, сумын ИХТ хамт нэр дэвшигч нар гарч байгаа. Нийт 15.720 хүний нэр жагсаагдаад 7000 хүн энэ хар машинаар аймаг, сумын төлөөлөгч болж байгаа юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дээр хоёр, гурван хүний нэр байна байх. УИХ дээр дөрөв, таван хүний нэр байна байх. Нэг хуудсан дээр хоёр сонгуульд нэг, нэг хүний нэрийг дугуйлчих боломж наад машин дээр чинь хангалттай байгаа.
Өнөөдөр бид ковидийн үед нэг ч төгрөг Монголын ард түмэнд үнэ цэнэтэй. Гэтэл бид нар 900 сая төгрөгний зөрүүтэй сонгууль хийх гээд сууж байж болохгүй. Тэрбум төгрөг гэдэг бол үнэтэй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.