2020.12.09

С.Бямбацогт: Байр сууриа нэгтгэж, тодорхой тооцоо судалгаа, хууль зүйн үндэслэл зэргийг харж шийдвэр гаргах ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Хар машинтай холбоотой асуудал дээр Ж.Батсуурь гишүүний ярьж байгаатай санал нэг байна. Бид олон сонгууль явууллаа. Олон ч удаа ялж, ялагдаж үзлээ. Энд хардаж сэрдээд яриад байх шаардлага байхгүй. Итгэдэггүй бол 100 хувь гараар тоолж болно. СЕХ сонгуулийг удаа дараа амжилттай зохион байгуулж харьцангуй туршлагатай болж байгаа. Одоо шинээр томилогдсон удирдлагууд харьцангуй сонгуулиа сайн зохион байгуулж байгаа гэж найдаж байгаа.

Хамгийн гол нь асуудал юу байна гэхээр бид нар дутуу дулимаг шийдвэр гаргах гээд байна. Сонгуулийг хамт эсвэл тусад нь явуулж болно. Гэхдээ өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, СЕХ байр сууриа нэгтгэж, ойлголтын зөрүүг алга болгож, тодорхой тооцоо судалгаа, хууль зүйн үндэслэл зэргийг харж эрсдэлийг тооцож байж шийдвэр гаргах ёстой. Нэг нь заавал хамт хийнэ гээд түрээд хийчихдэг. Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж гишүүн нарын үгнээс тусад нь хэлэх санаа авч байна гэж ойлгож байна. Тэгээд олонхоороо түрээд хамтад хийчихсэн. Тэгэнгүүт нь сонгууль будлиантай боллоо гээд асуудал үүсдэг.

СЕХ тэр үед бид нар тусад нь хийх нь зүйтэй гэж олон хэлсэн боловч УИХ хүчиндээд шийдвэрээ гаргасан. Нэгэнт УИХ-аас гаргасан хууль учраас бид биелүүлэхээс өөр аргагүй байсан. Ийм тайлбар, шалтаг хэлээд сууж байдаг. Ийм юм болчих юм биш үү. Тиймээс сайн судалж, эргээд ярьж болдоггүй юм уу?

50 хоног сууж болсон юм ганц хоёрхон өдөр СЕХ, Төрийн байгуулалтын байнгын хороо, холбогдох Тамгын газрынхан суугаад бүх тооцоо судалгааг тал талаас нь хийгээд эргэж орж болохгүй юу? Өөрөөр хэлбэл, ганц, хоёр өдөр, бүр болохгүй бол ганц, хоёр цаг хойшлуулж болохгүй юу? Тэгэхгүйгээр бодлого гээд хаанаа, хэнтэй бодлого ярьсан байдаг юм. Би тийм бодлого мэдэхгүй. Нэг нь хүч түрж байгаа юм шиг, нөгөө дөх нь хүчиндүүлж байгаа юм шиг явмааргүй байна. Үндэслэлтэй тооцоо судалгаатай юм яримаар байна. Ингэж байж наад асуудлаа шийдэх хэрэгтэй.