2020.12.09

Д.Тогтохсүрэн: Хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэх ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Хуулиараа 50 хоногийн дотор гээд нөгөөдөр бараг хугацаа нь дуусаж байгаа. Энэ зургаан сар, арван сар гэсэн хоёр хугацаатай. Энэ бол ахиад нэгдүгээр сард яригдах асуудал. Одоо бол хамт явуулъя гэдэг шийдвэр гаргачих хэрэгтэй. 50 хоног дотор УИХ хууль зөрчиж болохгүй. Нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийг товлох юм. Тэгэхдээ энэ тогтоолоо авч үзэж болох юм.

Тийм учраас би ямар санал гаргах гэж байна гэхээр энэ тогтоолоо үүгээр нь явуулчихъя. Энэ хооронд СЕХ, Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох газрууд саяны гишүүдийн яриад байгаа техникийн болон бусад зүйлсийг бүгдийг нь тооцоод үзчих. Тэгээд нэг сард болохгүй бол зарим гишүүдийн ярьж байгаагаар арван сард болгож болох юм. Тийм учраас бид нар хууль зөрчихгүйн тулд өнөөдөр энэ шийдвэрээ гаргаад явах ёстой. Харин нэгдүгээр сард бид дахиад ярих боломж гараад ирж байгаа юм. Тийм учраас бүгдээрээ энэ саналаа дэмжээд явъя.