Чилийн ядуу иргэд 300 доллараар амины орон сууцтай болж байна
2011.09.21

Чилийн ядуу иргэд 300 доллараар амины орон сууцтай болж байна

Чилийн нэрт  архитектор Алехандро Аравена «Elemen­tal» групп ядууст зориулж нийтийн орон сууц байгуулах хөтөлбөр боловсруулжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ядуус 36 метр квадрат талбай бүхий байрыг 7500 доллараар авах бөгөөд үүний 7200 долларыг нь улсаас олгох юм байна. Оршин суугчид үүний дараа худалдан авсан байрныхаа үнэ дээр 1500 доллар төлөөд 36 м.кв –аар нэмүүлэх боломжтой. Чилийн нэрт  архитектор Алехандро Аравена тус улс орон сууцны асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг талаар туршлагаас хуваалцжээ.

Түүний удирддаг «Elemen­tal» архитектур, эдийн засгийн групп 2003 онд улс, орон нутгийн нефтийн компани, католик их сургуулиас дээрх хөтөлбөрийг боловсруулахад зориулж ойролцоогоор нэг сая долларын зээл авчээ. Тус групп энэ мөнгөөрөө гурван жилийн турш үйл ажиллагаа явуулсан байна. Харин энэ мөнгийг Монголд зарцуулахаар болбол ерөнхий захирлын цалин хөлс, том том жийп Ma­nure худалдан авах, гадаадад томилолтоор явах зэрэгт үрсээр 3-4 сарын дотор дуусах байсан биз.

Чилийн нэрт  архитектор Алехандро Аравена 

Аравенагийн өгүүлснээр Пиночетийн дарангуйлал, супер либерализмын төгсгөлтэй зэрэгцэн Чилийн зүүний шинэ Засгийн газар хамгийн түрүүнд нийгмийн хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулж эхэлжээ. Үүний нэг нь ядууст үнэгүй орон сууц хуваарилах явдал байлаа. Ингээд улсаас 7200 долларын тэтгэлэг олгож, үлдсэн 300 долларыг ядуу өрх өөрсдөө гаргахаар болов. 300 доллар гэдэг их мөнгө биш.

Үүнээс гадна энэ бага мөнгө ядуусыг хариуцлагаа ухамсарлахад хэрэг болно гэж үзжээ. Энэхүү 7500 доллараар 36 метр квадрат талбайтай орон сууц авах ёстой.

Чилийн ийм барилгуудын өөрийн өртөг метр квадрат нь ойролцоогоор 210 доллар болдог. Эдгээр орон сууцыг ихэвчлэн бетон болон хөөсөнцөр хавтан-гаар үйлдвэрлэдэг байна. Үүн дээр газрыг чөлөөлөх, цэвэрлэх, зам харилцааг нь сайжруулах, зүлэгжүүлэх зэрэг асуудлыг төр өөрөө хариуцжээ. Ингэхдээ 22 метр квадрат талбай тутамд мод тарина. Иймэрхүү байдлаар Чили улс жилийн дотор яг ийм хэмжээтэй 25000 орон сууц байгуулсан байна.

Алехандро Аравенагийн групп хамгийн анх хууль бус ядуусын хорооллыг авч, тэндээ шинэ загварын 102 өрхийн суурин барих үүрэг хүлээжээ. «Ele­mental» группийн гаргасан шинэ санаа нь хоёр өрх орох зориулалттай нэг байшинг «Лего» тоглоомын зарчмаар барих явдал байлаа. Орон зайн зарим хэсгийг улсын мөнгөөр босгоно. Үлдсэн хоосон хэсгийг ядуус өөрөө гүйцээж барихаар болов. Ингэхдээ барилгын компани шинээр барьж буй байшинг хоёр хана, шалтай болгоод орхино. Үүний дараа захиалагчид тааз,  дээвэр, бас хоёр ханаа гүйцээж барих хэрэгтэй болно. Энэ шинэ санааны үр дүнд 36 метр квадрат байр ойролцоогоор 1500 долларын өртөгтэй (метр квадрат нь ойролцоогоор 40 доллар) босч эхэлжээ. 36 метр квадрат байрыг төр өөрөө бүрэн барьж дуусгаж болох ч ядуус амьдрах байрандаа өөрсдийн хувь нэмрийг оруулснаар нийгмийн хариуцлагаа ухамсарлахад нөлөөлнө гэж үзсэн байна. Энэ хөтөлбөр дөрвөн жил хэрэгжихэд ядуусын 80 хувь нь хоосон хэсгээ гүйцээж барих мөнгө цуглуулж чаджээ. Үүний үр дүнд 72 метр квадрат талбайтай байшингууд ч бий болж эхлэв.

Аравенагийн үзсэнээр 3-4 ам бүлтэй айл дор хаяж 80 метр квадрат байранд амьдрах ёстой гэнэ. Харин энэ төсөл дутуу найман метр квадратыг гүйцээж чадаагүйг тэд өөрсдийн алдаа хэмээн үзэж байна.

Шинэ суурин нийгмийн бас нэг асуудлыг шийдвэрлэж чаджээ. Ядуусын хороололд өмнө нь мансуурах дон, жижиг гэмт хэрэг цэцэглэж, иргэд нь ажилгүйдэлд өртсөн байлаа. Гэвч шинэ байр барьж, соёл иргэншлийг нэвтрүүлж эхэлмэгц эмэгтэйчүүд тэнд эрх мэдлээ зузаатгаж эхэлжээ. Аравенагийн мэдэгдсэнээр хүн соёл иргэнших тусам бүсгүйчүүд эрх мэдлийг гартаа авдаг аж. Тэрбээр «Өрхийн төсвийн 80 хувийг эмэгтэйчүүд захиран зарцуулдаг нь тэр айлын тэргүүн болж буй гэсэн үг» хэмээн нэмж хэлжээ. Ингээд эмэгтэйчүүд захиран зарцуулдаг болж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдэж эхэлмэгц гудамжны гэмт хэрэг татарсан байна. Үүний нөлөөгөөр Чилийн шинэ суурингуудад гэмт хэрэг гаралт хэд дахин буурчээ.

 

Чилийн нэрт архитектор Алехандро Аравена “хөрөнгө мөнгөө нийгэмдээ оруул. Үүний дараа эмэгтэйчүүд үүнийг зохицуулна” хэмээн өгүүлсэн байна.

Энэ орны тухай...

Өмнөд Африкт орших дэлхийн хамгийн урт, нарийн энэ орон манайхтай нэлээд төстэй. Чили улс ашигт малтмалаараа гол орлогоо бүрдүүлдэг бөгөөд дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгч юм. Тус улсын экспортын нэлээд хэсгийг зэс эзэлдэг. 1970-аад оны үед Чили улсын үед нийт экспортын 82 хувийг зэс бүрдүүлдэг байсан бол 1998 он гэхэд 37 хувь болтлоо буурсан. Энэ нь Чилийн экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдсэнтэй холбоотой. Түүнчлэн Чили улс мөнгө, лити, нитрат, төмрийн хүдэр, чулуун нүүрс, нефть (дотоодын зах зээлийг хангахад зориулсан), байгалийн хий зэрэг ашигт малтмалыг үйлдвэрлэж, боловсруулдаг байна. Энэ улс ой, загас, усан цахилгаан энергийн нөөцөөрөө тун баялаг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.