“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2020.10.30) “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллаж анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.
Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар үүсэн байгуулагдсан юм.
Иймд Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүрээнд “”Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.