Налайх дүүрэг шилдгээр шалгарлаа
2020.10.29

Налайх дүүрэг шилдгээр шалгарлаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ оны шилдэг дүүргээр Налайх тэргүүллээ.

Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг удаалав. Мөн шилдэг гэр хороогоор Сонгинохайрхан дүүргийн 9, шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Өргөө-14” СӨХ, шилдэг хог тээврийн байгууллагаар “Улаанбаатар шинэчлэл” ХХК, шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар Хан-уул дүүргийн 60 дугаар сургууль шалгарлаа. Аяныг 7 дугаар сарын нэгнээс энэ сарын нэгний хооронд зохион байгуулахдаа зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар Нийслэлийн 381 жилийн ойг нээж хэлэхдээ, “ Энэ аяныг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн хариуцлага, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ажлын бүтээлч байдлыг дээшлүүлэн иргэдийн ая тухтай  аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр жил бүр зохион байгуулдаг. Аянаар нийслэлийн хэмжээнд автозам, автозогсоол, явган хүний зам, дугуйн зам, хүүхдийн тоглоомын болон спорт, хөл бөмбөгийн талбай, иргэд олон нийтийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг олшуурллаа. Нийслэлийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хамтдаа хүчээ нэгтгэе” хэмээн уриалав.