Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хуулийн төслийг 11 дүгээр сард багтааж батлах нь зүйтэй гэж үзлээ
2020.10.26

Д.Тогтохсүрэн: Шүүхийн тухай хуулийн төслийг 11 дүгээр сард багтааж батлах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.10.26/ хуралдаж, Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Х.Булгантуяа, С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С. Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар Шүүхийн тухай багц хуулийн төслийн талаар хэлэлцсэн. Парламентад Шүүхийн тухай хоёр хуулийн төслийг өргөн барьсан байгаа. Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Үүнийг УИХ хэлэлцээд, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. УИХ-аас энэ хуулийн төслийн хоёр, гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлаж байгаа. Мөн Ерөнхийлөгчийн зүгээс Шүүхийн тухай гурван хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцээд, буцаах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг өнөөдөр бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ.

Засгийн газраас ирүүлсэн хуулийн төслийн тухайд ажлын хэсэг өргөн хүрээнд ажиллах шаардлагатай гэж үзсэн юм. Энэхүү хууль нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд өөрчлөгдөж байгаа учир шүүхийн зохион байгуулалтын асуудлуудыг хуулиар нэг мөр зохицуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс Шүүхийн тухай хуулийг арваннэгдүгээр сард багтааж батлах нь зүйтэй гэж намын бүлэг үзлээ.

Дэгийн тухай хуулиар хоёр хуулийн төсөл өргөн баригдсан тохиолдолд хууль санаачлагчид концепцийн хувьд нэгдэж байна уу гэдэг асуудал үүснэ. Хэрэв нэгдсэн тохиолдолд УИХ-д ажлын хэсэг гарч ажиллана. Хууль санаачлагчид концепцийн хувьд тохирохгүй байгаа тохиолдолд хуулийг буцаадаг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихгүй байна, концепцийн хувьд нэгтгэж явах боломжгүй гэж үзлээ. Иймд бүлгийн хурлаар хэлэлцээд, Хууль зүйн байнгын хорооны өмнөх саналын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн барьсан гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад шүүх, хуулийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчилдөг хуулийг өнгөрсөн 2019 оны эхээр баталсан. Энэ зөвлөмжүүдийг хүчингүй болгох тухай асуудлаар УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг хэлэлцэх эсэхийг бүлгийн хурлаар хэлэлцэж, шүүхийн тухай хуультай хамтатган хэлэлцэх боломжтой гэдэгт бүлгийн гишүүд тогтлоо ” гэв.
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн 80 хувь нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй агуулгын хувьд ижил учраас буцаасан
Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг буцаахдаа ямар тодорхой саналд үндэслэж буцаах болсон талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр “Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүхийн тухай хуулийг буцаах шийдвэрийг Хуульзүйн байнгын хороо дөрөвдүгээр сард гаргасан. Энэхүү шийдвэрийг гаргасан гол үндэслэл нь бичилтийн 80 хувь нь буюу гол санаа нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй ижилхэн байна. Ерөнхийдөө зарчмын 3-4 асуудал бий. Засгийн газраас өөр концепцийн шинэтгэл хийх гээд, түүнийг нь УИХ хүлээж авахгүй гэсэн юм байхгүй.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл дэх өөрчлөлтийг хийхдээ томилогдсон этгээд болон улстөрчдөөс хараат бус байлгахын тулд өөрчилсөн юм. Гэтэл өргөн барьж буй хуулийн төсөлд хуульчдаас шүүгчдийг олж сонгох чиг үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд дахиад өөрийн томилгооны нөлөөллийг хадгалах байр сууриуд байгаа учраас бид Үндсэн хуулиа баталсан үзэл санаандаа нийцүүлж цаашдаа хуулийн агуулгыг хийх нь зүйтэй гэдэг үзэл санаагаар энэхүү хуулийн төслийг буцаах санал гаргалаа” гэв.