ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцлээ
2020.10.08

ТБХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Жавхлан хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2. дахь заалтад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хоёр, Засгийн газраас хоёр, Монголбанкнаас хоёр хүний нэр дэвшүүлж, хараат бус гурван гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нээлттэй сонгон шалгаруулалт зарлан нэр дэвшүүлж,  Улсын Их Хурлын Төвсийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилсон. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнээс нэг гишүүний сул орон тоо гарсан тул түүнийг нөхөх нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг 2019 онд  хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласныг онцлов.

Байнгын хороонд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд Г.Энхбаяр, Л.Отгонтуяа, О.Бат-Эрдэнэ нар нэрээ дэвшүүлж, холбогдох материалаа ирүүлсэн байна. Эдгээр нэр дэвшигчдээс нэг хүнийг Зөвлөлийн гишүүнээр томилох санал хураалтыг нууцаар, бичгээр явуулахаар болсон тул тооллогын комиссыг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, С.Амарсайхан, Г.Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллав. Гишүүд санал хураалтын хуудсанд бичигдсэн гурван нэр дэвшигчдээс  нэг хүний нэрийг дугуйлахаар журамлалаа. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч Л.Отгонтуяа хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь буюу хамгийн олон санал авсан тул Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнээр Ланганы Отгонтуяаг томилж, Ө.Эрдэнэбаярыг үүрэгт ажлаас нь  чөлөөлөхөөр болж энэ талаарх  Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа: