2020.10.01

Шадар сайд УИХ-ын чуулганд өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2020.10.01/ нээлтээ хийлээ. Энэ удаагийн ээлжит чуулганаар 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэн батлах бөгөөд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуультай нийцүүлэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм.

Чуулганы нээлтийн дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, өмнөх парламентын үед хэлэлцэгдээгүй болон санаачилсан гишүүд нь дахин сонгогдоогүй гишүүдийн гээд 100 гаруй хуулийн төслийг хүчингүй болгох тухай хэлэлцэн дэмжлээ.

Түүнчлэн чуулганы хуралдааны завсарлагааны хугацаанд тойрогтоо ажилласан гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой олон саналуудыг ирүүлсэн. Тиймээс маргаашийн /2020.10.02/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Шадар сайдын өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой мэдээллийг сонсохоор боллоо.