Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал амжилттай болж өндөрлөлөө
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны их хурал өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар оролцсон юм. Тэрээр “Монгол Улсад өмгөөллийн үйл ажиллагаа 1928 оноос эхэлсэн байдаг. Улмаар УИХ-аар Өмгөөллийн тухай хуулийг 1994 онд баталж, энэ хугацаанд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой асуудал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж ирсэн.
Харин УИХ-аас 2019 онд Өмгөөллийн тухай болон Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар хууль зүйн болон практик шаардлагад үндэслэн өмгөөлөгчид тавих шаардлага, шалгуур, өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, уг хуулийг илүү боловсронгуй болгосон” гэдгийг онцоллоо.
Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, зохион байгуулалт, тогтоол, дүрэм, журмын төслүүдтэй холбогдуулан хуралдаанд оролцсон 300-аад төлөөлөгчид санал шүүмжлэлээ солилцож, улмаар холбооны үйл ажиллагааны болон өмгөөлөгчийн ёс зүйн дүрэм, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, мэргэжлийн хариуцлагын хороо, мэргэшлийн хорооны бүрэлдэхүүн, Ерөнхийлөгчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж батлав.
Их хурлаа хийж холбооны дүрэм журмаа баталснаар өмгөөлөгчдийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломж, нөхцөл илүү сайжирч үүрэг, хариуцлага нь тодорхой болохыг өмгөөлөгчид хэлж байлаа.
Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан.
Ингээд хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг цахимаар явуулахад Б.Оюу-Эрдэнэ олонхийн саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь энэ удаагийн ээлжит Их Хурлыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд амжилттай зохион байгуулж, ялангуяа төлөөлөгчдийг бүртгэх болон санал өгөх, санал хураалтын дүн гаргах үйл ажиллагааг анх удаа цахимаар явуулсан нь ихээхэн онцлогтой байв. Ингэснээр Их Хурлын санал хураалтын үйл ажиллагаа илүү ил тод, шуурхай, боловсронгуй болж чадлаа.