Эрүүгийн хуулийн зорчих эрхийг хязгаарлах ялын заалт ирэх онд хэрэгжиж эхэлнэ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталжээ.
Энэ талаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ,"Анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ял оноох Эрүүгийн хуулийн заалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Мөн бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө. Олон жилийн дунджаар тооцоолоход 2021 оны эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөг хэмнэх боломжтой" гэлээ.
Ялыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан бугуйвчийг худалдан авах бөгөөд худалдан авалтад онцгой анхаарч, хамгийн хямд үнэ бүхий саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Дэлхийн 30 гаруй оронд энэхүү ялыг ногдуулдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ажил хийх, сурч боловсрох эрхийг нээлттэй байлгахаас гадна хорих ял эдлэхгүй байх нь засан хүмүүжүүлэх ач холбогдолтой гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Кримнологи ач холбогдлын хувьд хүнийг хүмүүжүүлэх, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлээ тэжээх, засрал хүмүүжил олгодог, хорих зардлыг бууруулдаг гэж дэлхий нийт үздэг. Энэ ялын бас онцлог нь гэмт хэргийн улмаас нийтэд учирсан хохирлыг төлөх боломжийг олгох юм. 2015 онд батлагдсан хуулийн дагуу хэрэгжүүлэхээр бид бэлтгэл ажлаа хангаж байна. Ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн гэмт хэрэг хариуцах алба хариуцна" гэв.