Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг олох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Томилолтын бүрэлдэхүүнд тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Ж.Мөнхбат, Т.Энхтүвшин болон Барилга, хот байгуулалтын яам, холбогдох бусад албаны хүмүүс ажиллаж байна.
Монгол Улсад барилга, орон сууц, авто зам, уул уурхай, төмөр замын томоохон төслүүд хөдөлж эхэлснээс хойш барилгын материалын үйлдвэрийн дэд салбар эрчимтэй хөгжиж ирсэн. Манай улс 2009 онд 0.5 сая тонн цемент импортлож байсан бол 2015 онд 1.5 сая тонн болж, дотоодын цементийн нийлүүлэлтийн 90 орчим хувьтай тэнцэж байна.
Тодруулбал, цементийн хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хангах мега төслүүдийн аяныг эхлүүлж, түр бүр жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний Монцемент, МАК, Хөтөл (технологи шинэчлэл) зэрэг компаниас гадна БНХАУ-ын төрийн өмчит CUCC “Мөнхийн баян гал” ХХК-ийн үйлдвэрүүд ажиллаж байна.
Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, “Энэ удаагийн парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анх удаа байгуулагдан ажиллаж байна. Байнгын хорооны хувьд барилгын салбарын бүтээн байгуулалтад эхний ээлжид анхаараа хандуулж, цемент үйлдвэрлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, ажиллаж байна.
Манай улсын макро эдийн засаг ойрын хугацаанд тогтвортой байх учиртай. Санхүүгийн зээлийн үйлчилгээ шаардлага хангах ёстой. Коронавируст халдварын цар тахал үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хүндрэл үүсгэж байгаа. Үйлдвэр бүрд үүсэж буй нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч дотоодын цементийн нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй нөхцөл үүссэн байсан. Үүнийг Үйлдэвжилтийн бодлогын байнгын хороо холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж ажиллана” гэлээ.
Дэлхий нийтээр тархсан Коронвируст халдварын цар тахлын тархалтаас үүдэн ажиллах хүч болон түүхий эд, тоног төхөөрөмжийн татан авалтаа хийгээгүй зэрэг шалтгаанаас болж цементийн хомсдол үүсэх, үнийн өсөлт үүссэн. Засгийн газраас 150 мянган айл орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан. Ирэх дөрвөн жилд энэ зорилтдоо хүрэх бүрэн боломж бий. Ингэхийн тулд цемент, арматур, шил зэрэг барилгын материалын гол нэрийн 12 төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анхаарах шаардлагатай.
Ялангуяа цементийн үйлдвэрлэлийг эхний ээлжид шийдвэрлэх асуудал бий. МАК болон Монцементийн үйлдвэрийн тухайд одоогийн байдлаар нийт хүчин чадлынхаа талаас илүү хувийг үйлдвэрлээд байгаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад амжилттай.
Төмөр зам болон орон сууцжуулах хөтөлбөр, цэвэрлэх байгууламж зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа учраас энэ жилийн байдлаар хоёр сая орчим тонн цементийн хэрэглээ бий болно гэсэн урьдчилсан судалгаа байна. Манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.8 сая тонн байдаг гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хэлж байлаа.
Дээрх хоёр үйлдвэрийн хувьд шилдэг технологи болох хуурай аргаар цемент үйлдвэрлэдэг, цэвэр усны зарцуулалт бага. Цементийн үйлдвэрүүд нөөц бололцоогоороо ажиллаж байгаа боловч эрчим хүчний тасалдал, төмөр замын тээвэрлэлтийн үнийн өсөлт, түүхий эд, валютын ханшийн өсөлт зэргээс үүдэн алдагдал хүлээх эрсдэл бий болжээ.
Тухайлбал, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Монцемент үйлдвэрийн тухайд 2017-2020 оныг хүртэл хугацаанд 142 удаагийн эрчим хүчний хэлбэлзэл үүссэнээс болж 48.955 тонн цемент үйлдвэрлэх, нийлүүлэх боломжоо алджээ.
Үйлдвэрлэгчид дийлэнхдээ валютын зээлтэй байдаг. Дотоодын банкны зээлийн хүү өндөр учраас гадаад эх үүсвэрээс зээл авч, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлдэг. Ханшийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөө ч багагүй байна.
Иймд Байнгын хорооны гишүүд дотоодын үйлдвэрлэгчид, импортыг орлогч баялаг бүтээгчид, ажлын байрыг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор санхүү, төсвийн дэмжлэг үзүүлэх шаардлага гарч байгаатай санал нэгдэж, шуурхай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж байлаа.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Зээлийн хүүг бууруулах стратеги ч үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн бодлогын нэг гэдгийг гишүүд хэлж байсан юм. Салбар бүрийн гол бүтээн байгуулалтын суурь хэсэгт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо анхаарч ажиллана гэлээ.
2015 оны 8 дугаар сард цементийн импортын албан татварыг 5-20 хувь болгосон Засгийн газрын 332 дугаар тогтоол хэрэгжсэнээр импортын цементийн хэмжээ нь 1 сая 525 мянган тонноос 91 мянган тонн болтлоо багасч, гадагшаа урсах ам.долларын хэмжээ 5 сая болтлоо буурчээ.
Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэгчдээ төрийн цогц бодлогоор дэмжих, батлан гаргаж буй хууль, шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, уялдаа холбоог анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа.