Х.Ганхуяг: Би бизнесийн орчныг эрүүл болгох гэж улс төрд орсон
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин Сэтгүүлч: Б.Бадралмаа
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ-ын сонгуульд та нийслэлийн Баянгол дүүргээс нэр дэвшиж, сонгогдлоо. Энэ удаагийн парламентад залуу улстөрч олноороо сонгогдсоны нэг нь та. УИХ-д сонгогдсон даруйдаа эдийн засгийн чиглэлд анхаарч, ажиллаж байгаа харагдсан. Таны эхлүүлээд байгаа санаачилгуудын талаар ярилцлагаа эхлүүлье?
-Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойрог, олон мандат хувилбараар явуулсан. Ингэснээр бодлогын өрсөлдөөнтэй, реформын шинж чанартай асуудлыг дэмжсэн сонгууль болсон гэж харж байна. Сонгогчид залуу, шинэ улстөрчийг сонгосон. Манай намаас гэхэд өмнө нь Их хуралд сонгогдож байгаагүй 28 хүн сонгогдсон байна. Өнгөрсөн парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Засгийн газар илүү тогтвортой байхад анхаарсан.
Иймдээ ч сүүлийн 30 жил байгаагүй дэвшилтэт зүйлүүдийг хийлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу Үндэсний баяр наадмаас өмнө анхдугаар чуулганаа хуралдуулж, Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнээ томилж,Засгийн газраа байгууллаа. Үндэсний баяр наадмын дараа би нэр бүхий гишүүдтэй хамтарч, хэд хэдэн уулзалт хийсэн. “Ковид-19” цар тахалтай холбоотой эдийн засаг хүндэрсэн амаргүй цаг үед бид төрд сонгогдсон. Иймд эдийн засгаа тогтвортой байлгах чиглэлд урт болон богино хугацааны арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Манай эдийн засаг 30 орчим хувиар агшсан, дэлхий даяараа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Үүнээс БНХАУ-ын эдийн засаг харьцангуй хурдан сэргэж байна. Мөн дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ нэмэгдэж байгаа нь давуу талтай. Үүнтэй уялдуулан дотоодын эдийн засгаа сэргээхэд анхаарч банк, санхүүгийн салбарынхан, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзсан.
-Жижиг дунд үйлдвэрлэгчид тулгамдаж байгаа асуудал юу байна. Үүнийг бодлого тогтоомжоор шийдвэрлэх ямар боломж байгаа бол?
-Тэдэнд тулгамдаж байгаа асуудал зээлийн хүү. Иймд банк санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзаж, зээлийн хүүг бууруулах талаар ярилцсан. Манайд өндөр хүүтэй өдрийн зээл гарч байгаа. Тиймээс системийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Үүний тулд зээлийн мэдээллийн санг хөгжүүлэх ёстой. Төв банкны удирдлагуудтай уулзах үеэрээ цахим банкны үйлчилгээг хөгжүүлэх талаар ярилцсан. Энэ үйлчилгээ нэвтэрснээр зээл илүү хүртээмжтэй болно. Мөн зээлийн хүүг бууруулж, хүртээмжтэй болгохын тулд Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Зээл авсан хүмүүс шүүхийн байгууллагаар явж, цаг үрэх явдал их байдаг.
Тиймээс зээл өгч байгаа байгууллагууд эрсдэлээ тооцож, өндөр хүүтэй зээл гаргах тохиолдол байна. Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулж, арилжаатай холбоотой гэрээ, тэндээс гарч байгаа шийдвэрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлдэг болгох нь чухал байна. Шүүхээр олон жил явах биш зөвшилцөлд хүрдэг хуулийн зохицуулалт хэрэгтэй. Мөн зээлдэгчдийг хамгаалсан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж манайд байгаа.
Төв банкны удирдлагуудтай уулзах үеэр арилжааны банкуудад дөрөв орчим их наяд төгрөг байна гэсэн. Үүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд зах зээлийг нь нээж өгөх. Зээл авч байгаа хүмүүс орлого олох тал нь хаалттай байгаа. Үүний тулд эхний ээлжинд дотооддоо хөл хориог сулруулах хэрэгтэй байна.
-Цар тахалтай холбоотой Засгийн газраас багц арга хэмжээ авсан. Энэ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд нөлөөлж чадсан уу?
-Том, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдэд оновчтой бодлого явуулсан боловч бичил бизнес эрхлэгчид орхигдсон байна. Энэ талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд экспортын хэмжээг нэмэгдүүлэх. БНХАУ-тай хамтран ажиллаж, олон улсын санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэргэжилтнүүд нь орж ирж чадахгүйгээс болоод зогсчихсон төсөл олон байна. Хөтөлбөрүүдээ хөдөлгөж, эдийн засгаа эргэлтэнд оруулж байж жижиг, дунд үйлдвэрүүд нь дагаад хөгжинө. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих олон сан байдаг. Ийм зүйл шаардлагагүй.
Үүний оронд Хөгжлийн банкаараа дамжуулж том, дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, экспортоо нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Харин Төрийн банкаар бичил, лизингийн зээл олгож, санхүүгийн бодлогоо барих нь зүйтэй. Сангаар дамжуулж гаргаж байгаа зээлд төрийн хүнд суртал их. Дээр нь бизнесийг нь ойлгохгүй байх тохиолдолд ч бий. Ингээд оновчтой, оновчгүй зээл олгосон асуудал үүсдэг.
-Алт, зэсийн үнэ дэлхийн зах зээлд тогтмол өсөж байна. БНХАУ-ын эдийн засаг ч сэргэж байгааг та дурдлаа. Тэгэхээр манайд цар тахлын нөхцөл байдлыг эрсдэл багатай даван гарах боломж байна гэсэн үг үү?
-Бидэнд бусдаас илүү боломж байгаа. Гэхдээ төмөр зам байхгүйгээс болж экспортын хэмжээ сайн нэмэгдэхгүй байгаа шүү дээ. Бид тодорхой хязгаарлалт тавиад экспортын хэмжээг хэвийн байдалд хүргэж чадахгүй цаг алдчихлаа. Хилээр нүүрс гаргаж байгаа машины тоо эрс буурсан. БНХАУ-тай хамтран “Ногоон гарц” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм билээ. Үүнийгээ цаашид оновчтой хэрэгжүүлж, түүхий эдийн экспортоо буцаагаад хэвийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Манайх эдийн засгаа солонгоруулах тухай ярьдаг. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, зэс нүүрс. Эхний ээлжинд бид уул уурхайн бүтээгдэхүүнээ солонгоруулах ёстой.
Тэгж байж манай төсвийн орлого дорвитой нэмэгдэнэ. Бид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд асар их хөрөнгө оруулалт хийдэг ч экспортод гаргаж чаддаггүй. Учир нь, БНХАУ-ын импортын татвар маш өндөр. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт гэхэд л 25-30 хувийн татвартай. Тэгэхээр бид тус улстай худалдааны хэлэлцээр хийх ёстой. Тиймээс би хэсэг гишүүдийн хамт Гаднын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжсэн лобби бүлэг байгуулахаар ажиллаж байна. Манайх чөлөөт худалдааны хэлэлцээрийг Япон, Европын холбооны улсуудтай хийчихсэн. АНУ-тай ноос ноолуурын чиглэлээр хийх гэж байна. Уг нь манайх Европын улс руу 6000 бүтээгдэхүүн гаргах боломжтой. Гэтэл бид бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна.
Нэгдүгээрт, үйлдвэрлэгчид мэдээлэл багатай, хоёрдугаарт, стандартаа хангаж ажиллаж чадахгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, манайх евро стандартаас зөрүүтэй. Тиймээс энэ чиглэлийн хууль эрх зүйн орчинг сайжруулна.
Алсын хараа-2050 урт хугацааны баримт бичигт энэ талаар тусгасан байгаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш 10 орчим орны Элчин сайдтай уулзлаа. Тэдний зүгээс гаднын хөрөнгө оруулалтыг дэмжих эсэхээ тодорхой болгохыг илэрхийлсэн. Гаднын хөрөнгө оруулалт гэдгийг манайх Оюутолгойгоор хүлээж авдаг. Бид Европын улс, Япон, Америк руу гадаад худалдааны ийм хэлэлцээртэй гэдгээ сурталчлах хэрэгтэй байна. Ингээд гаднын хөрөнгө оруулагчдыг татан үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгох ёстой.
-Та бизнесийн салбарт олон жил ажилласан. Яагаад улс төрд орох болов. Бизнесийн салбарын хүн улс төрд орох нь эрх ашгийн зөрчилтэй гэх нь бий. Энэ талаарх таны байр суурийг сонирхъё?
-Би бизнесийн орчинг эрүүл болгохоор улс төрд орсон. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүд ашиг сонирхлын зөрчил үүсгэх асуудал нь хумигдчихсан гэж харж байгаа.
-Та нэн тэргүүнд ямар хуулийн төслүүд дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Улс төрийн нөлөөллийг ашиглаж том аж ахуйн нэгжүүд нь дундынхаа ажиллах боломжийг хаадаг, дунд нь бичил бизнес эрхлэгчээ хязгаарлах гэх мэтээр чөлөөт өрсөлдөөний зарчим алдагдчихсан. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт, зөвшөөрөлтэй холбоотой хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах.
Бизнесийн үйл ажиллагаа явуулахын тулд аж ахуйн нэгжүүд олон байгууллагаас зөвшөөрөл авдаг. Дээр хэлснээр стандартаа жигдэлчихвэл зөвшөөрөл өгдөг асуудал багасана. Мөн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд анхаарна. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгохгүй бол намууд аж ахуйн нэгжээс хандив авдаг. Ингээд тендер, концесс наймаалцах, мөнгө өгч давуу байдал бий болгох явдал байсаар байна.
-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар үе үеийн парламент ярьдаг ч гар хүрээгүй хэвээр байна. Асуудал нь юунд байна?
-Улс төрийн намууд хоорондоо зөвшилцөх хэрэгтэй. Би бол бизнесийн орчинг эрүүлжүүлэхэд анхаарч, улс төрийн намын санхүүжилтийн асуудлаар санаа хэлж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчил бий болгоод байгаа хандивын асуудлыг зогсоочихвол бизнесийн орчин эрүүлжих нэг алхам болно гэж харж байна.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс дэнчингийн мөнгө авч байгаа асуудлаар та нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Улс төрд тэгш оролцох зарчмыг та хэрхэн хардаг вэ?
-Сонгуульд оролцохдоо 100 сая төгрөг хувиасаа гаргана. Монголд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүн цөөн. Дэнчингийн мөнгөө өгөхийн тулд компаниас мөнгө авч байгаа. Ингээд компанийн захиалгад орно. Аль нэг компани бизнесийнхээ эрх ашгийг хамгаалуулахаар тухайн хүнийг ажиллуулна шүү дээ. Тиймээс л хууль эрх зүйн орчинг сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн 30 жил ил далд хэлбэрээр ийм зүйл явсан.
-УИХ-ын ээжилт бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсөвт тодотгол хийхдээ юунд анхаарах ёстой юм бэ?
-Эдийн засгийн хүнд үед төсвийн тодотгол хийхдээ хөрөнгө оруулалтын ажлуудаа зогсоож болохгүй. Тэгвэл эдийн засаг улам агшина. Харин зарим хэрэгцээгүй зардлаа танах хэрэгтэй. Жишээлбэл, төрийн байгууллагуудын албан хэрэгцээний том машинуудыг жижгэрүүлж, хэмнэлт хийх ёстой.