Л.Болд: Миний улстөрчийн замнал өнгөрсөн сонгуулиар дууссан
Эх сурвалж: Үндэсний шуудан Сэтгүүлч: Б.Бадралмаа
УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлого эрхэлсэн зөвлөх Л.Болдтой ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгуульд та Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн. Танай тойрогт өрсөлдөөн ширүүн өрнөлөө. Сонгуулийн үр дүнг хэрхэн цэгнэж байна вэ?
-Хамгийн өрсөлдөөнтэй тойргийн нэг байсан. Улс төрд гялалзаж байгаа олон зүтгэлтнүүдтэй өрсөлдлөө. 10 гаруй мянган сонгогчийн санал авсан 13 хүн байсан гээд бодоход ийм өрсөлдөөнтэй сонгуулийн тойрог манай улсын сонгуулийн түүхэнд байхгүй.
Нэг нам илт давамгайлсан, парламентын ардчилалд хохиролтой сонгууль гэдэг талаас нь харж болох юм. Нөгөө талаас нам харгалзахгүй нэгдэж тэмцсэн таван гишүүнээс гурав нь энэ удаагийн сонгуульд ялалт байгууллаа. Бидний үйл хэрэг парламентын түвшинд цаашид үргэлжлэх болно. Байгуулагдаад жил ч болоогүй ШИНЭ нам, ШИНЭ эвсэл энэ сонгуульд 213 мянган сонгогчийн санал авсан нь багагүй амжилт.
Олон удаагийн сонгуулиар сонгогч түмнийг эргэлзээнд оруулж байгаа учир сонгуулийн тогтолцоогоо хялбар болгож, цаашдаа саналын хуудсыг гараар тоолсон нь дээр. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг засахгүй бол маш их эрсдэл дагуулсан цаг үе биднийг хүлээж байгаа. Ямар өөрчлөлт орох ёстой талаар олон жил саналаа хэлсээр ирсэн. Одоо хүн ойлгох цаг ирж байгаа байх.
-Та ШИНЭ намын гишүүн хэвээр байгаа юу?
-Хэвээрээ. Цаашид ч хэвээрээ байх болно. Намынхаа төв зөвлөлийн даргын сонгуульт ажлаа эхний хурлаар өгнө. Өнгөрсөн сонгуулиар Хан-Уулын сонгогчид дүн тавьснаар миний хувьд улстөрчийн карьераа дуусгалаа. Цаашид надад өгөх даалгавар байвал төрийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, сурсан мэдсэнээ зориулах болно.
-Сонгуулийн үр дүнгээр танай нам УИХ-д ганц ч суудал авсангүй. Иймд намын удирдлагын ажлаа хүлээлгэж өгч буйгаа та мэдэгдсэн. Намын даргаа хэзээ томилох вэ?
-Бидний хувьд маш амаргүй тэмцлийг өрнүүлсэн хоёр жилийг өнгөрөөж байна. Намын удирдлагуудын хувьд сонгуулийн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч, улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Намын даргыг ШИНЭ намын Төв зөвлөл, намын Их хурлаар хэлэлцэж тодруулна.
-Та Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Өмнө нь та Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?
-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан хүмүүсээс анх удаа Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлого эрхэлсэн зөвлөхөөр томилогдлоо. Миний хувьд Батлан хамгаалах, Гадаад харилцаа гэсэн хоёр салбарыг хариуцан сайдаар нь ажиллаж байсан. Дөрвөн удаа Их хуралд сонгогдохдоо Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажилласан. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа энэ салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэчлэл хийхэд анхаарч ажиллалаа.
Үүнээс хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрч. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлж байгаа ч дутуу орхисон нь ч бий. Ерөнхийлөгч бид хоёр нэг Засгийн газарт ажиллаж байсан. Тэр үед бүтээн байгуулалтын цэрэг бий болгох хуулийг санаачлан батлуулж, томоохон ажлыг эхлүүлсэн. Барилга, инженерийн цэргийн гурван анги байгуулж, цэргийн бүтээн байгуулалтын анхны том төсөл болох Асгатын мөнгөний ордын бүтээн байгуулалтын ажлын ард гарч байв. Тухайн үед хугацаат цэргийн албан хаагчдад цэргийн эрдэм сургах төдий биш энгийн мэргэжил олгодог болгосон. Одоогийн Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш энэ үйл хэргийг дахин үргэлжлүүлж байгаад талархалтай явдаг.
-Ер нь гадаад бодлого, хамтын ажиллагааны чиглэлд манайх цар тахлын үед ямар бодлого баримтлан ажиллах ёстой вэ. Дэлхий нийтээрээ эдийн засгийн хүнд байдалд орсон үед гаднаас хөрөнгө оруулалт татах ямар боломж байгаа бол?
-Дэлхий нийтээрээ онцгой цаг үеийг туулж байна. Чамгүй хугацаа өнгөрлөө. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд зөв байсан гэдгийг өнөөдөр харуулж байна. Өвчнөөр далимдуулж дотооддоо улстөржиж, талцаж, хуваагдаад байх нь зохимжгүйг би өмнө нь ч хэлж байв. Гадаад бодлого, хамтын ажиллагааны хувьд энэ асуултын хариуг Засгийн газрын гишүүд тодорхой өгөх болов уу.
-Та АН-тай баг болж хамтран ажиллана гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Ардчиллын хувь заяаны төлөө ШИНЭ нам үүрэг хариуцлагаа ухамсарлан үйл ажиллагаагаа явуулах болно гэдгийг зарим нь буруу ойлгосон болов уу. ШИНЭ намын хувьд Монголын улс төрийн ардчилсан хүчнүүдийн нэг том төлөөлөл. Тэр утгаараа Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх үйл хэргийн төлөө бүх алхмыг хийж таарна. Адил чиг баримжаатай бусад намаа энэ үйл хэрэгт уриалан дуудна.
-Та АН-аас гарч, ШИНЭ нам байгуулсан. Ер нь АН дотроо хагаралтай байгаа гэх болсон. Та намаасаа гарсан нь намын дотоод асуудлаас болсон уу?
- Ж.Батзандан бид хоёр байгуулагдсан цагаас нь хойш 30 жил үйл хэргийнх нь төлөө тэмцсэн. ШИНЭ нам байгуулагдсан шалтгаан бол маш тодорхой. Бидэн шиг нөхцөл байдалтай олон мянган шударга иргэд улс, ард олныхоо эрх ашгийн талд зогсож, ардчилал, хүний эрхийн төлөө эвлэлдэн нэгдсэн, улс төрийн сонголт байсан. Ардчилсан намын хувьд тодорхой хүмүүсийн хувийн эрх ашиг, зөрчлөөс болж 1992, 2000 онд гаргасан алдаагаа энэ жил давтлаа. Ард түмэн алдаагаа засах даалгаврыг сүүлийн хоёр сонгуулиар өглөө. Энэ даалгавраа биелүүлж, өөрчлөгдөх хэрэгтэй.
-2024 оны сонгуулийг та хэрхэн харж байгаа вэ?
-Дөрвөн жилийн дараах сонгуулийг урьдчилан таамаглахаас өмнө одоо болох орон нутгийн сонгууль, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулах ёстой байх. ШИНЭ намын хувьд Төв зөвлөлийн хурал болон шат шатны хурлуудаа хийж, өнгөрсөн сонгуульд дүн тавих, ирэх сонгуульд хэрхэн оролцохоо төлөвлөж, шийдвэрлэх гэж байна. 2024 оны сонгуулиар ардчилсан хүчнүүд хувь хүний тохиролцоо, эрх ашгийг урдаа тавилгүй ард түмнийхээ язгуур эрх ашиг, үнэт зүйлийн төлөө бүх үйл ажиллагаагаа чиглүүлж, эв нэгдэлтэй оролцвол ялалт байгуулах бүрэн бололцоотой.