Завхан аймгийн сонгогчид саналаа идэвхтэй өгч байна
2020.06.24

Завхан аймгийн сонгогчид саналаа идэвхтэй өгч байна

Өнөөдөр Монголчууд ирэх 4 жил төрийн эрх барих дэд байгууллагад өөрийн төлөөлөл болох түшээгээ сонгох чухал хариуцлагатай өдөр. Мөн нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан үндсэн хуулиараа Ерөнхий сайдаа сонгож байгаа билээ. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 12 цагийн байдлаар сонгогчдын ирц 26%-тай байна.

Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар морин цагт сонгуулийн 1-р хэсэгт очин саналаа өглөө. Завхан аймаг нь 47,652 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 14,644 сонгогч саналаа өгөөд байна. Нийт сонгогчдын ирц 30,7%-тай байна.

Аймгийн хэмжээнд 111 хэсгийн хороонд 956 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 140, улсын бүртгэлийн 116, 222 цагдаагийн болон онцгой байдал, эрүүл мэндийн ажилтанууд ажиллаж байна. Иргэд, сонгогчид өглөө 07 цагаас эхлэн идэвхтэй саналаа өгч байгаа бөгөөд  Улсын онцгой комисс, СЕХ-ноос гаргасан журмыг баримтлан оролцож байна. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтанууд ч журмын дагуу амны хаалт, гар ариутгагч, бээлийгээр хангаж, иргэн хоорондын зай, халууныг хэмжин оруулж байна.

Завхан аймгийн сонгуулийн хорооноос 111 хэсгийн хорооноос ирүүлсэн ирцийн мэдээллээ 12, 17, 21 цагуудад Сонгуулийн ерөнхий хороонд илгээх юм. 13 цагийн байдлаар иргэд идэвхтэй оролцож байна. Аймгийн хэмжээнд 955 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд санал хураалтын өдрөөс нэг хоногийн өмнө зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагаа явагдаж дуусчээ.

Сонгуулийн санал хураалт 22 цагт дуусна. Энэ удаагийн сонгуульд иргэд хариуцлагатай, улс орныхоо ирээдүй, хөгжлийг харж, бодлогын сонголт хийх шаардлагатай байгааг иргэн бүр хэлж байна. 22 цагт санал хураалтын үйл ажиллагаа албан ёсоор дуусч, Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэл өгөх юм.