УИХ-ын залуу гишүүд ажлын гараагаа идэвхтэй эхлүүлжээ
2020.07.29

УИХ-ын залуу гишүүд ажлын гараагаа идэвхтэй эхлүүлжээ

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням нар төрийн болон олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд, салбар бүрийн ТББ, мэргэжлийн холбоодын удирдлага төлөөллүүдтэй уулзаж одоогийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх төслүүд болон тэдгээрт төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ.

Тухайлбал COVID 19-ын үед богино хугацаанд эдийн засгийг сэргээх боломжууд, банк санхүүгийн салбарын шинэчлэл, иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох, зээлийн хүүг шат дараатай бууруулах талаар болон холбогдох хуулийн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх урт хугацааны бодлогын талаар ярилцсан байна.

Түүнчлэн Сангийн сайд Ч. Хүрэлбаатартай хийсэн уулзалтаар экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр "Ногоон Гарц" хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдавчлах талаар шийдэлд хүрчээ.

Мөн өнгөрөгч баасан гаригт олон нийтийн зүгээс ихээхэн хүлээлт үүсгээд буй Дарханы замын ажлын асуудлаар Зам Тээвэр Хөгжлийн яамны сайд Л.Халтарын хамтаар очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж ажилласан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням “ДАРХАНЫ ЗАМ” товлосон хугацаандаа ашиглалтад ороогүй түр зам ашиглаж байгаа боловч эвдрэл ихтэй тэмдэг, тэмдэглэгээ байхгүй зэргээс олон иргэд маань амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь тун харамсалтай байгааг илэрхийлж уг замыг яаралтай ашиглалтанд оруулах талаар ЗТХЯ-ны сайдад “Асуулт”  хүргүүлж хариуг 14 хоногт багтаан ирүүлэх талаар шаардлага тавьжээ.