УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сумдад ажиллаж байна
2020.06.17

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид сумдад ажиллаж байна

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт УИХ-ын сонгуулийн 18-р тойрог, Хэнтий аймагт нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар сумдад ажиллаж байна.

Тэд сонгуулийн сурталчилгааны анхны уулзалтаа Баянхутаг сумаас эхлүүлснээс хойш 10 гаруй суманд ажиллажээ.

Уулзалтын үеэр цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор СЕХ-ноос гаргасан журмыг баримтлан иргэд хоорондын зай болон ариутгал халдваргүйтгэлийг хийж, уулзалтыг зохион байгуулж байгааг тус намын сонгуулийн штабаас мэдээллээ.

Өнгөрсөн дөрвөн жилд Хэнтий аймгаа төлөөлж УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Засгийн газраас болон УИХ-ын гишүүний зүгээс хийсэн ажлуудаа сумын иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж байна. Улс орны хэмжээнд хэрэгжүүлсэн бүх томоохон ажлыг Хан Хэнтий нутгийн улс төрчид манлайлан оролцсонд нутгийн иргэд 2016 онд зөв сонголт хийсний үр дүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байлаа.

Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт 501 тэрбум төгрөгт хүрсэн нь 2000-2016 он хүртэлх нийт хөрөнгө оруулалтаас даруй дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. Үүнийг нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнхний хувьд “Түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт” хэмээн онцлов.

Өнгөрсөн жилүүдэд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар, хамтран зүтгэж байгаа Хэнтий нутгийн гишүүд, сайд нар улс орны өмнө тулгамдсан олон ажлыг хийж, нийгэмд байсан шударга ёсны төлөөх тэмцлийг санаачлан удирдаж байгаад сумдын иргэд бахархаж буйгаа илэрхийлж байлаа.