С.Эрдэнэ: Уналт биш өсөлт, ухралт биш дэвшил
2020.06.02

С.Эрдэнэ: Уналт биш өсөлт, ухралт биш дэвшил

Эрхэм Та сайхан зусч байна уу?
Ардчилсан Намын 200 гаруй мянган гишүүн, нийт дэмжигчдийнхээ хамтаар сонгогч таны амар амгаланг эрэн мэндчилж байна. Өнгөрсөн саруудад дэлхий дахин цар тахалтай тэмцэж, Монголчууд бид ч гэсэн хүн төрөлхтний нэгэн адил сорилт бэрхшээлийг даван туулахыг хичээцгээж байна

Эмч, сувилагч, цагдаа, аврагч, оюутан, жолооч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, малчин, эгэл жирийн Монгол хүн бүрийн саруул ухаан, эрүүл хандлагын хүчээр хүнд хэцүү үеийг даван гарна гэдэгт бид итгэдэг. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай нам “МОНГОЛ ӨРХ -ХӨГЖЛИЙН БОДЛОГО 2020” мөрийн хөтөлбөр боловсруулж, хаяглах эзэнгүй хуурай амлалт бус хүн бүр, өрхийн гишүүн бүрд чиглэсэн тодорхой зорилго, зорилтуудыг дэвшүүлэн оролцож байна. 

Бид сонгогч Танд энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эх оронч сэтгэлтэй, мэдлэг чадвартай, туршлагатай, итгэл даах нэр дэвшигчдээ илгээлээ. Хүн ардынхаа амьжиргааны дэвшил, эдийн засгийн өсөлтийн үр дүнг бид сонгуулийн 4 жил төдийгүй ирээдүйн 10 жилээр харж төлөвлөж байна. 2030 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин нэмэгдүүлж, Монгол хүний бодит орлогыг дунд орлоготой улс орнуудын тэргүүлэх эгнээнд хүргэхийн сацуу Монгол Улсаа бүх үзүүлэлтээр дэлхийн дунджаас давах улс болгох зорилго тавьсан. Энэ зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ Ардчилсан нам огтхон ч эргэлзэхгүй байна. Харин зорилгодоо хүрэхийн тулд эхлээд одоогийн эрх баригчдын алдаатай бодлогын вирусыг эмчилж засацгаая гэж уриалж байна. 

Өнгөрсөн 4 жилд эдийн засаг, ард иргэдийн амьжиргаа, амьдралын түвшин, бүх үзүүлэлтүүд унаж хүний эрх, эрх чөлөө боомилогдож, төрийн үйлчилгээний хүнд суртал гаарлаа. Монгол Улс хар, саарал жагсаалтад орлоо. Одоо хэрээс хэтэрлээ! Монгол Улсад уналт биш өсөлт, ухралт биш дэвшил хэрэгтэй байна.

Уудам тэнүүн эх орондоо жавартай өвөл, хавсаргатай хавар шиг өнгөрсөн дөрвөн жилийг хапж, дундуур нь дүүрэх, дутуу нь гүйцэх, хүн бүр ажил орлоготой, өрх бүр өсөлт дэвшилтэй байх, дэлгэр зун шиг хангалуун сайхан цагийг хамтдаа бүтээцгээе.
 УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ