С.Эрдэнэ: Сонгуульд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна
2020.04.30

С.Эрдэнэ: Сонгуульд амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа Ардчилсан Намын төлөөлөл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос гардан авлаа. Батламж гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг С.Одонтуяа, Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, тус намын гишүүн Х.Тэмүүжин зэрэг хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн Ардчилсан Намыг дэмжигчид СЕХ-ны гадаа цугларсан бөгөөд "Ардчиллыг дэмжихийн төлөө, ялахын төлөө..." хэмээж байв.

Мөн энэ үеэр намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан Намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн бодлого бол "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" юм. Аливаа төрийн үндэс бол өрх гэр бүл байдаг. Тиймээс ч Ардчилсан Нам Монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш  амьдрахад чиглэсэн  дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолъё.

Бид 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударга ёсны зарчимд суурилж, эрх тэгш  оролцож, бусад улс төрийн намуудтайгаа шударгаар өрсөлдөнө. Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд одоо ч гарч байна. Гэхдээ Ардчилсан нам Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.