Ё.Баатарбилэг сайд цэцэрлэг, сургуулийн хувьсах зардлыг олгохыг хүсчээ
Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар урьдчилан товлоод байгаа билээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр ЭЕШ-ыг зохион байгуулахтай холбоотой болон бусад гурван саналыг холбогдох албаныхныг анхааралдаа авахыг хүссэн байна.
Нэгдүгээрт, Улсын Онцгой комисс, Засгийн газрын тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх давтлагыг Ерөнхий боловсролын 12 дугаар ангийнханд тавдугаар сарын 11-нээс эхлэн давтлага өгч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 25,071 хүүхдэд давтлага өгч байна.
Хоёрдугаарт, ЭЕШ-ын сэдэв, даалгаврыг мэргэжлийн ур чадвар бүхий багш, судлаачдаас бүрдсэн баг бэлтгэдэг. Тэднийг интернэт болон утасны сүлжээгүй, бүрэн камержуулсан орчинд цагдаагийн хамгаалалтад 30 орчим хоног тусгаарлагдан шалгалтын сэдэв, материалыг боловсруулж, хянаж, шалгадаг. Энэ жил тус багийг зургаадугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тусгайлан бэлтгэсэн обьектод ажиллуулахаар бэлдсэн. Үүнийг УОК-ын тэмдэглэлд тусгаж өгнө үү.
Гуравдугаарт, ЖАЙКА-гийн дэмжлэгээр хэрэгждэг инженер, технологийн дээд боловсролын хөтөлбөрт хамрагдаж, Япон улсад суралцаж гуравдугаар сард төгссөн 69 оюутан ирж чадахгүй байгаа. Тэд дөрөвдүгээр сард хөл хорионд орсон. Хөл хорионд байх хугацааных нь байр, амьжиргааны зардалд өнөөдрийн байдлаар 820 гаруй сая төгрөгийг төслийн мөнгөнөөс зарцуулсан. Мөн энэ төслийн шугамаар 118 оюутан, багш, судлаач нар 2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд Японд суралцах байсан. Эхний удаад хичээлүүд цахимаар орж байсан ч Японы сургуулиас эдгээр 118 хүнийг зургаадугаар сарын 2-5-ны хооронд биеэрээ ирж суралцах шаардлага тавьж байгаа. Хэрэв ирж суралцахгүй бол жилийн чөлөө олгож, завсардуулах асуудал ярьж эхэлсэн. Тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр Япон улс руу тусгай үүргийн онгоц явуулах бол тус улсад очиж суралцах зайлшгүй шаардлагатай 118 оюутан, багшийг хүргэж өгч, төгсөөд ирж чадаагүй 69 хүнийг эх оронд нь авчрах талаар судалж, анхааралдаа авна уу.
Дөрөвдүгээрт, хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх журмын дагуу олгож байсан. Сангийн яамнаас үүнийг олгох нь буруу гэж үзээд мөнгийг буцааж төвлөрүүл гэх бичгийг бүх аймагт болон яаманд ирүүлсэн байгаа. Хувьсах зардал бол орон нутгийн төсөвт, аймгийн Засаг даргын багцад нь хуваарилагдан олгогдог. 529 цэцэрлэгийн 4,922, ерөнхий боловсролын 157 сургуулийн 5,200 буюу нийт 10,000 гаруй багш, ажилтны цалингийн асуудал энд яригдаж байгаа юм. Хувьсах зардлыг нь олгохгүй бол дийлэнх сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид цалингүй болно. Нэгэнт манай төсөвт байгаа олгогдоод явж байсан мөнгийг нь үргэлжлүүлэх талаар нааштайгаар шийдэж өгөхийг хүсье гэсэн байна.