Дархан-Уул аймгийн Дархан суманд 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2016-2020 онд Дархан суманд 8 цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн хугацаанд Дархан сумын 5, 6, 7, 8, 9, 10 дугаар багт нийт 6 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулсан. Энэ жилийн тухайд 4 дүгээр багт 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар “Тотал импекс” ХХК засварын ажлыг хийж байна.
Төмөр замын 34 дүгээр байрны дэргэдэх хуучин Орос цэцэрлэгийн барилга ашиглагдахгүй олон жил болсон. Үүнийг зориулалтаар нь ашиглах санал иргэдийн зүгээс болон холбогдох байгууллагуудаас байнга гардаг байсан ч биелэлээ олж байгаагүй. Жил ирэх бүр сургуулийн өмнөх боловсролын салбарын хамран сургах хүрээг тэлэх шаардлага Дархан-Уул аймагт бий болсон. Ийм учраас ОХУ-ын эзэмшилд байдаг тус барилгыг түрээсээр ашиглах, засвар үйлчилгээ хийж ашиглалтад оруулах ажлыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2019 онд эхлүүлж, барилгыг эзэмшигч Оросын талтай зөвшилцсөний үр дүнд засвар, тохижилтын ажил эхэлсэн. Засварын ажил одоогоор 80 орчим хувьтай байгааг “Тотал импекс” ХХК-ийн инженер Д.Очирбал УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ажлын явцтай танилцах үеэр хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цэцэрлэгийн засварын ажилтай танилцахад тус ажил төлөвлөгөөнд тусгагдсанаар ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн, зарим ажилчдынхаа цалинг 1 сараас хойш олгоогүй байгаа зэрэг зөрчил илэрсэн. Иймд “Тотал импекс” ХХК-ийг ажилтнуудынхаа цалинг яаралтай олгож, цэцэрлэгийн засварын ажлыг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор дуусгаж, хүлээлгэж өгөх үүрэг өглөө.