Ө.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх асуудлыг түр хойшлууллаа
2020.03.23

Ө.Энхтүвшин: Гадаадаас ажиллах хүчин оруулж ирэх асуудлыг түр хойшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд өнөөдөр /2020.03.22/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, үндсэнд нь дэмжлээ гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгов.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Коронавирусийн тархалт улам ноцтой болж байна. Өнөөдөр дэлхийн 188 оронд коронавирус тархаад байна. Өнгөрсөн нэг хоногийн дотор АНУ-д 5845-аар, Итальдд 6557-гоор,  Испанид 4936-гаар гэх мэтээр нэмэгдэж байна.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 10 иргэн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон,  эмчлэгдэж байна. Тийм учраас Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  • 1.Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгах.
  • 2.Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийг зогсоосон  хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах.
  • 3.Олон улсын хуваарьт нислэг, олон улсын төмөр замын зорчигч хөдөлгөөний хугацааг сунгаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-н болгож тогтоолоо.

Цагааннуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Цаашдаа энэ байдлыг журамлахын тулд хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн 20.00 цагаас хойш хаахаар боллоо. Өөрөөр хэлбэл, заасан хугацаанд хүртэл иргэдээ хүлээн авна.

Алтанбулагийн боомтоор олон иргэн орж ирсэн. Дархан-Сэлэнгэ, Орхон аймагт 400 гаруй хүн тусгаарлалтад орсон. Олонх нь ОХУ-д суралцдаг Монгол оюутнууд. Ороод ирсэн хүмүүсийн маань тусгаарлах байр хүрэлцэхгүй болж байна. Иймээс Алтанбулагийн боомтоор ирэх долоо хоногийн бямба гаригийн 06.00 цаг хүртэл хүлээж аваад, хүний урсгалыг зогсооно. Үлдсэнийг нь нэгтгэж байгаад вагоноор авах зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

4.Гадаадын ажиллах хүч авах шийдвэр гаргасан байсан. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү журамлах шаардлага гарч байгаа учраас хэсэг хугацаанд гадаадаас ажиллах хүчин авахгүй байхаар шийдвэр гаргаж, хойшлууллаа.

Улс орон даяар өрх гэр, албан байгууллага бүр ариутгал халдваргүйжүүлэлтийг дөрөвдүгээр сарын 5-н хүртэл 14 хоногийн хугацаатай хийж дуусгах. Улаанбаатар хотын гэр хороолол онцгой анхаарал татаж байгаа. Ийм учраас бүх байгууллага иргэддээ ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг чиглэл болголоо" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Ариутгал халдваргүйжүүлэлт маш чухал байгаа тул Монгол Улсын Засгийн газраас үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргалаа. Халдвар гарсан орноос иргэд ирж эмнэлэгт 14 хоног тусгаарлагдсаны дараа гэртээ дахиад 14 хоног өөрийгөө тусгаарлах журмыг баталсан. Тусгаарлагдсан иргэдийг дахин гэртээ тусгаарлагдах үйл ажиллагааг орон нутгийн Засаг захиргаа, баг, дүүрэг, хорооны түвшинд анхаарах үүргийг өгсөн. Халдвар авсан, өвчтэй нь нотлогдсон хүмүүсийг эмчилж буй эмч эмнэлгийн ажилтнууд тус хүмүүстэйгээ хамт тусгаарлагддаг. Резидент эмч нартай холбоотой зарим нэг гомдол ирсэн тул эдгээр эмч нарыг татан буулгаж, эмч нар өөрсдөө ажиллаж байна" гэв.