Төслийн буруу юу, төсөөллийн буруу юу?
Засгийн газрын 03 сарын 11-ний хуралдаанд танилцуулсан “Тэнгэрийн тойрог” төслийг мушгин гуйвуулж, улстөржүүлэн буруугаар сурталчлах явдал сүүлийн хоногуудад газар авч байна. Энэ асуудалд хамгийн ихээр нэр холбогдож буй улстөрчийн хувьд тайлбар хийж, олон нийтэд бодит үнэнийг мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тэнгэрийн_тойрог төсөл бол 2011 онд анх эхэлж 3 удаагийн УИХ, хэд хэдэн удаагийн Засгийн газар, нийслэлийн төр захиргааны байгууллагад танилцуулагдаж, зөвлөмж саналыг нь тусган сайжруулсаар өнөөдрийг хүрсэн мега төсөл юм билээ. Тийм болохоор 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Зам тээврийн хөгжлийн сайдаар 2019 онд томилогдсон миний биеийг энэ төслийн эзнээр тодруулж буруутган, “Энх-Амгалан л ийм юм хийгээд байна” гэх агуулгаар олон нийтийг турхирч хөөрөгдөж байгаа нь утгагүй асуудал бөгөөд улстөрчийн хувьд миний нэр хүндийг унагах гэсэн явуургүй оролдлого гэдгийг хэлье.
Нэгдүгээрт, Би Монгол төрийн язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж төрдөө өргөсөн тангарагтай, үнэнч шударгаар ажиллана гэсэн чин эрмэлзэлтэй, худал хулгайг жигших унаган хүмүүжилтэй, мөнгөний ашиг сонирхлоос ангид байж чадах ёс суртахуунтай хүн гэдгээ хаана ч бардам хэлнэ. Хууль бус тендер, өмч хувьчлалын будилаан, газар, ЖДҮ, Концесс, уул уурхайн лиценз гэх мэтийн эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудалд холбогдоогүй нэр цэвэр яваа минь улстөрийг булингартай байлгаж байж хожоо хийдэг зарим этгээдэд таалагддаггүйг би сайн мэднэ.
Зохион байгуулалттай дайралт, доромжлолыг төлбөртэйгээр түгээж олон нийтэд намайг муугаар харуулах, ой санамжинд нь муухайгаар хоногшуулах гэж тэд улайрч байгаа ч монголчууд маань хар цагааныг ялгах билгийн мэлмий сайтай ард түмэн болохоор хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгах нь мэдээж.
Хоёрдугаарт, “Тэнгэрийн тойрог” төслийг манай яам Засгийн газарт танилцуулаагүй, дэмжсэн газар нь нийслэл, хариуцсан газар нь “Үндэсний Хөгжлийн газар”, тиймээс тэд л үгээ хэлэг гэж асуудлыг өөрөөсөө зайлуулах жудаггүй зан надад байхгүй учраас, мөн энэ төслийн талаар мэдээлэх үүрэг хуралдааны дараа надад оногдсон болохоор, хэрхэн харж байгаагаа хэлэхийг хүсч байна.
”Төрөөс баталгаа шаардахгүйгээр улс, орон нутгийн төсвөөс ямар ч мөнгө авалгүйгээр өөрсдөө хөрөнгөө босгоод, судалгаа, ТЭЗҮ (Техник Эдийн Засгийн Үндэслэл), эдийн засгийн үр ашгийн тооцоогоо хийгээд, зураг төслөө өөрсдөө боловсруулаад, барьж байгуулах ажлаа өөрсдийн хөрөнгөөр хийгээд, арчлалт хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээгээ хариуцаад эрсдлээ хүлээгээд, төлбөртэй үйлчлээд оруулсан хөрөнгө оруулалтаа тодорхой хугацааны дотор нөхөж олчихоод бүх бүтээн байгуулалтаа төрд үнэ төлбөргүй шилжүүлж өгье гэсэн хувийн хэвшлийнхний санаачилга, төслийн багийн танилцуулгад эрүүл бус хандлага алга гэж харж байна.
Төсвөөс нэг ч төгрөг одоо ч, ирээдүйд ч гаргалгүйгээр ийм хэмжээний бүтээн байгуулалт хийх санал санаачлагыг хувийн хэвшлийн зүгээс гаргалаа. Дэмжиж болох юм гэдэг байр сууриа төр илэрхийллээ. Олон нийтийн дунд төсөөллийн янз бүрийн дүр зураг хүчтэй түглээ. Төслийн буруу юу, төсөөллийн буруу юу?
Томоохон бүтээн байгуулалтуудыг алийн болгон төсөвт суулган түмний нуруун дээр ирэх ачааг нэмж, зээл нэрээр бадар барьж өр үүсгэх замаар хийх юм бэ? Мөн хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүтгэлийг алийн болгон төрийн нэрээр хааж боож, мохоож мөхөөх юм бэ? “Хулгайчийг бариарай” гэж хулгайч хамгийн түрүүнд хашгирдаг шиг бүтээн байгуулалтыг улс төржүүлж гацаадаг гаж тогтолцоо одоо ч амь бөхтэй байсаар байна.
Нөгөөтэйгүүр, давхар замын “Тэнгэрийн тойрог” гэсэн нэрэн дээр нь хийж байгаа улстөрийн тоглолт сайн талыг нь олон нийт олж харах боломжгүй болгож байгаа нь харамсалтай. Монгол Улс өргөн уудам газар нутагтай ч Улаанбаатар бол уулаар хашигдаж усаар хүрээлэгдсэн давчуу орон зайтай учраас бусад улс орны адилаар давхар зам барих аргаар замын ачааллаа бууруулах нь байж болох шийдлийн нэг мөн.
Бусад улс орон хоёр бүү хэл дөрөв хүртэл давхар зам барьж байгуулаад асуудлаа шийдээд болж л байна. Бид яагаад болохгүй гэж. Монголчууд бүгдээрээ нисч үхээд дуусна гэж муу амлах юм. Тэгвэл Яармагийн гүүр, Замын цагдаагийн газрын өмнөх гүүрэн замуудаас үй олноороо нисч үхэхгүй яагаад болоод байгаа юм бэ? Мөнгөн дүн, ашиглах хугацааг хот болон төсөл хэрэгжүүлэгчид судалгааны явцад дахин тодотгож болно, өөрчилж болно, цуцалж болно, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж болно...
Би ийм л өнцгөөс асуудалд хандаж байна. Сайд байх, эс байхаас үл хамааран миний байр суурь ийм л байх болно. Гэхдээ олон түмэн үнэхээр хүсэхгүй, ойлгохгүй байгаа бол “Тэнгэрийн тойрог” төслийг ЗОГСОО гэж үүрэгдэх амархан. Тэр тохиолдолд ямар ч эх оронч, алсын хараатай санал санаачлагыг хэн нэгэн албан тушаалтан үзэгний үзүүрээр үгүйсгэж чаддагийн бас нэг жишээ болон энэ түүх үлдэх байх. Энэ төслийг жадлан эсэргүүцэж байсан этгээд хожим яг ийм төслийг зээлийн хөрөнгөөр, эсвэл төсвийн мөнгөөр босгоно гээд бариад явж байхыг ч үгүйсгэхгүй.
Уг нь Улаанбаатарын замын ачааллыг бууруулахын тулд давхар зам барих талаар олон төсөл хөтөлбөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бий. Түгжрэлийг бууруулах энэхүү шийдлээс татгалзах нь зөв эсэхийг цаг хугацаа харуулна биз. Нэгэнт ийм их гүжир гүтгэлэг, дайралтыг зохион байгуулалттайгаар өрнүүлж байгаа болохоор төсөл санаачлагчид цааш явна, Үндэсний_Хөгжлийн_Газар гэрээ байгуулна гэдэг юу л бол...
Би ийм л бодолтой байна. Салбар хариуцсан сайдын хувьд албан мэдэгдэл хийх биш, харин хувь улстөрчийн хувьд бодол санаагаа илэрхийлэх нь дээр гэж үзээд ийнхүү учирлалаа. Эрхэм Та өөрийнхөөрөө шүүн тунгааж авах гээхийн ухаанаар хандана биз ээ.
Бямбасүрэнгийн Энх-Амгалан