Баян-Өлгий аймгаас бусад газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ
Монгол Улсын гурван иргэн КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдвар зөөвөрлөн ирсэн нөхцөл байдлаас үүдэн Улсын Онцгой комисс /2020.03.17/ хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон УОК-ын гишүүд мэдээлэл хийсэн юм.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин “УОК-ын 12 дугаар хуралдаан хуралдлаа. Шинэ нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Нөхцөл байдлыг сонслоо. Баян-Өлгий аймагтай цахимаар холбогдож мэдээлэл авлаа. Казахстанаас оюутнууд ихээр ирж байгаатай холбоотойгоор олон хүнийг тусгаарласан байна. Баян-Өлгий аймагт 190 гаруй хүнийг ажиглалтад байлгаж байна. Дараа нь шинээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.
Францын иргэний биеийн байдал хэвийн байна. Хавьтагч нар нь эрүүл гарсан. Францаас иргэнээ авъя гэдэг хүсэлт тавьсан ч манай эмч нар тухайн иргэнийг Монголдоо эмчлээд явуулах бодолтой байна. Тиймээс шаардлагатай эмчилгээг хийж байгаа.
Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатарчиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд ирсэн гурван иргэнээс халдвар илэрсэн. Сайтар нягтлах үүргийг өгч ажилласан. Халдвар авсан нь нотлогдсон. Бид үүргээ биелүүлж, Монгол Улсын иргэнээ эх оронд нь авчрах ёстой. Бид 700 гаруй иргэнийг эх орондоо авчирч, тусгаарлаад байна. Халдвар авсан иргэнээ эдгээх, халдварыг тархаахгүй байхад онцгой анхаарч байна. Нөхцөл байдлыг тооцоолж байсан. Өмнөх Франц иргэн шиг орон нутаг руу халдвар авсан иргэний хавьтагч нь явчихав уу, хаана байна гэх асуудал байхгүй. Халдвар авсан иргэнтэй хамт ирсэн иргэд нь тодорхой юм. Бүгдийг нь тусгаарлалтад авсан.
Хамгийн гол нь иргэд та бүхэн үнэн бодит мэдээллийг авах ёстой. Худал хуурмаг мэдээллээс зайлсхийх ёстой гэдгийг хэлье. Худал мэдээлэл коронавирусээс аюултай шүү.
Нэг хэлэх зүйл байна. Энэ халдвар авсан гурван хүн нь Монгол Улсын иргэд байна. Тиймээс ар гэрийнх нь тухай мэдээлэл гаргахгүй байх тал дээр анхаараарай. Мөн коронавирустэй холбоотойгоор улстөржсөн үйл ажиллагаа явуулах, худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна” гэлээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох болон сургууль, цэцэрлэгийн карантенийг сунгах эсэхийг асуулаа.
Энэ талаар Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "Сургууль цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудалд Ё.Баатарбилэг сайдад хурдан шийд гэсэн үүрэг өгсөн. Хөл хориог цааш үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг асуудлыг БСШУСЯ-наас оруулж ирнэ" гэв.
Харин хот хоорондын орох гарах хөдөлгөөний талаар тэрбээр "МонголУлсад шинэ коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх үүднээс хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон.
Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгаас бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй гэж үзэж байна. Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу, үгүй гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ" гэсэн юм.