С.Эрдэнэ: МАН-ын чихэр бурам шиг тэр амлалтуудаас хэрэгжсэн нь юу байна
АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай өнөөдөр өглөө уулзахад Казинод ороод сонирхоод гарсан л гэсэн. Хэн ч энд тэнд явахдаа дэлгүүр хоршоо гээд аливааг сонирхдог шүү дээ. Хүн аливааг сонирхож болно. Харин мөрийтэй тоглох бол өөр хэрэг. Тийм үйлдэл байхгүй бол хэн нэгэнтэй шаардлага хариуцлага яриад байх асуудал байхгүй байх гэж бодож байна.
Д.Тогтохсүрэн дарга Казинод ороод гарсан. Тоглоогүй гэсэн. Хэнд ч байдаг асуудал шүү дээ. Тиймээс ямар нэг байр суурь хэлэх зүйл одоодоо алга. Бидний хувьд сөрөг хүчний асуудал дээр, тогтоогдоогүй байгаа зүйл дээр байр суурь илэрхийлэх зохимжгүй. Хаацайлаад байгаа юм энд байхгүй. УИХ-ын гишүүн гадаадад ямар ч газраар ороод гарсан тэр хүний эрхийн асуудал. Энд хориглосон зүйл байхгүй. Хэрвээ тоглосон нь тогтоогдвол асуудлыг зохих газарт нь тавина. Тэнд шийдвэрлэнэ шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлыг яагаад хэлэлцэхгүй байгаа талаар тодруулахад “Энэ эрх баригчид чинь дандаа л хууль зөрчиж байдаг шүү. Өмнөх сонгуулийн үеэр ямар зүйл ярьж байлаа. МАН-ын чихэр бурам шиг тэр амлалтуудаас хэрэгжсэн нь юу байна. Хууль шударга ёсыг дээдэлнэ гэсэн хаана байна? Хууль зүйн сайд нь өнөөдөр гэмт хэрэгт холбогдчихсон явж байгаа шүү дээ. Хууль биелүүлэхгүй байх, хуулийг зөрчих асуудал өнөөдөр энгийн үзэгдэл болчихсон шүү дээ”
Энд нэг юм хэлье. МАН энэ удаагийн сонгуульд нэг ч төгрөгийн татвар авахгүй гэж зарласан атлаа нэр дэвшигчдээс тухайн тойрогт өөрт нь холбоотой асуудлаар холбогдох хөрөнгийг өөрөөс нь гаргуулна гээд саяхан мэдэгдсэн байсан. Ер нь нэг ч төгрөгийн зардал гаргахгүй яаж сонгуульд оролцдог юм бэ. Тэгэхээр нэг бол татвар төлөгчдийн мөнгөөр сонгуульд орох гэж байна, эсвэл хээл хахууль, авилгад авсан мөнгөөрөө сонгуульд оролцох нь гэж ойлгож байгаа” гэсэн юм.