Ж.Бат-Эрдэнэ: Аймаг, нийслэлийн мандатын тоог өөрчлөх нь тэгш байдлыг хангах зорилготойсс
2020.01.17

Ж.Бат-Эрдэнэ: Аймаг, нийслэлийн мандатын тоог өөрчлөх нь тэгш байдлыг хангах зорилготойсс

М.Өнөржаргал Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасантай холбоотойгоор ОУВС-гийн зүгээс байр сууриа илэрхийлсэн. Үүний дагуу УИХ, Засгийн газарт хандсан зүйл бий юу?

-Миний мэдэж байгаагаар албан ёсоор ямар нэгэн бичиг сэлт ирүүлээгүй. Сангийн яам юм уу Засгийн газарт холбогдох бичгийг өгсөн байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүдэд албан ёсоор ингэлээ, тэглээ гэсэн мэдээлэл ирүүлээгүй байна. Ер нь ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж  эхлэхэд  хэд хэдэн гол шаардлагыг анх тавьсан. Үүний нэг нь яалт ч үгүй Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн сахилга батыг чанд сахиулах явдал. Орлогоо зөв зүйтэй ажилд зарцуулах, төсвийнхөө зарцуулалтад маш нарийн тооцоо судалгаатай хандах ёстойг  чухалчилж байсан.

-ОУВС-тай тохирсны дагуу яриа хэлэлцээрээсээ буцаж болохгүй гэж хаана хаанаа ярьж байгаа. Үүний нэг илрэл нь энэ он гарснаар НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх байсныг болиулсан шийдвэр. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудпыг дээрхийн адилаар зохицуулах боломж байсан уу.  Энэ тухайд эрх баригч намынхан дотооддоо ямар байдлаар ярилцсан бэ?

-ОУВС-тай хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” энэ оны тавдугаар сард дуусгавар болно. Гэсэн хэдий ч оны өмнө ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдэлд хүрсэн. Улмаар Засгийн газраас ч энэ шийдвэрийг хүлээж авахаар тохиролцсон учраас бүлгийн хуралдаанаар нэгдсэн байдлаар авч хэлэлцсэн мэдээж ийм шийдвэр гаргаснаар ОУВС-тай тохирсон хөтөлбөрт нөлөөлөх эсэх, цаашид хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх тухайд бид тал талаас нь ярилцсан Засгийн газрын зүгээс энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас цаашид ч гэсэн бүрэн анхаарал хандуулан ажиллаж таарна.

-Шийдвэр гарчихсан ч араас нь олон янзын дүгнэлт хөвөрч байна. Тэр дундаа эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх эсэх тухайд үзэл бодлоо уралдуулах хүн олон байна. Үүний зэрэгцээ “Эдийн засаг өсөлттэй байгаа энэ үед төдийлөн нөлөөлөхгүй” гэх нэгэн ч бий. Энэ тухайд та ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг УИХ-аас гаргасантай холбоотойгоор 900-гаад тэрбум төгрөг шаардлагатай болсон. Үүнээс наанадаж 700 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд зах зээлд нийлүүлэх, гаргах шаардлагатай болчихоод байна шүү дээ. Тиймээс энэ мөнгийг хэрвээ Засгийн газар өөртөө авбал жил жилийн төсөвт хүндрэл үүсгэх. магадлалтай.

Тиймээс эхний ээлжид үүнээс болгоомжлох ёстой. Тэгэхээр үүнийг аж ахуйн нэгжийнх нь хүрээнд зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, бондоо босгоод түүнээсээ олсон ашгаар төлөөд явах хувилбарт хатуу зогсох хэрэгтэй. Үүнд Монголбанк болон арилжааны банктай хамтарсан бодлогоо чанд баримтлахгүй бол Засгийн газарт ачаалал үүсгэж болохгүй. Энэ жил бид хэд хэдэн бондын зээлийн үндсэн төлбөрийг  төлөхөөр байгаа. Ийм үед Засгийн газарт ачаалал үүсгэвэл хүндрэл болох талтай.

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг анх Ерөнхийлөгч олон нийтэд дуулгасан. Гэтэл үүнээс өмнө ҮАБЗ-ийн шийдвэр гарчихсан байсан. Нөгөө талаас эрх баригч намын бүлгийн хуралдаанаар өмнө нь ярьж байсан асуудал гэж зарим гишүүн мэдээлсэн. Таны хувьд энэ талаар олон нийтэд зарлахаөс өмнө ямар мэдээлэлтэй байсан бэ?

-Ямар ч мэдээлэлгүй байсан. Та бүхний адилаар телевизээр л анх сонссон. Үүнээс өмнө бүлгийн хуралдаанаар юм уу Засгийн газрын түвшинд ярилцаж байсан эсэхийг мэдэхгүй юм.

-Ирэх сарын 1-нийг гэхэд сонгуулийн тойрог, мандатын тоог тодорхой болгох ёстой. СЕХ-ны зүгээс УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд үүнийг шийднэ гэдгийг хэлсэн. Зарим аймгийн мандатын тоог нэмэх талаар ярьж эхэлсэн. Жишээлбэл, таны сонгогдсон аймгийн мандатын тоог нэмэгдүүлэх зайлшгүй үндэслэл байгаа юм уу?

-Одоохондоо нийслэлээс хасаад, аймгийн мандатын тоог нэмнэ гэдэг асуудлыг оруулж ирээд бид хоорондоо талцаж хуваагдсан зүйл алга. Ер нь Сонгуулийн хуулийн гол зарчмын нэг нь тойрог, мандатыг хуваарилах явдал. Цаашлаад ард иргэдэд тэгш сонголт хийх боломж, бололцоогоор хангах нь чухал байгаа юм.

Энэ утгаараа Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн мандатын тоог нэмэх талаар ярьж байна. Энэ нь яалт ч үгүй зарчмын асуудал. Жишээлбэл, Булган аймаг 62 мянган хүн амтай атлаа УИХ-д нэг төлөөлөлтэй. Өмнө нь хоёр байсныг болиулсан шүү дээ. Энэ бүхнээс үзэхэд Булган аймаг зайлшгүй хоёр мандаттай байх учиртай. Ерөөсөө л аймаг, нийслэлийн мандатын тоонд өөрчлөлт оруулах гол үндэслэл нь тэгш байдлыг хангах тухай ойлголт. Энэ бол зүй ёсны хэрэг. Бусдаар бол мандатын тоог айхавтар өөрчлөхгүй болов уу гэж харж байна.

-Зарим аймгийн мандатын тоог нэмснээр иргэдэд ямар давуу тал бий болох вэ. УИХ-д ганц төлөөлөлтэй байх нь ямар сул талтай байдаг юм бэ?

-Энэ тухайд олон зүйлийг хэлж болно. Наад зах нь төсвийн хуваарилалт. Төсвийн менежментийг жигд баримтлах зарчим байхгүй болдог. Нөлөөллийн системээ бодсон ч бүхэл бүтэн аймгийг УИХ-д ганц хүн төлөөлөх, хоёр хүн төлөөлөх асар ялгаатай. Олон төлөөлөлтэй аймагт  төсвийн хуваарилалт ганц төлөөлөлтэй аймгаас илүү очих зэрэг асуудал гардаг. Энэ бол хүнээсээ шалтгаалсан фактор үйлчлээд байна гэсэн үг биз дээ. Ямар ч тохиолдолд тооны харьцаа гардаг. Энэ ч утгаараа тухайн орон нутагт хэчнээн хүн ажиллаж, амьдарч байгаагаас хамаараад төрийн төлөөллийг нь тогтоох учиртай юм. Энэ бол зарчим.

-Нийслэлийн мандатын тоог хасах гэж байгаа учраас УИХ-ын гишүүдийн дунд маргаан өрнөсөн, тэр бүү хэл гар зөрүүлсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд таны нэр ч багтсан байна билээ. Энэ үнэн юм уу?

-Намайг сайн хар л даа. Зодоон цохион хийсэн шинж байхгүй байгаа биз. Сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн гүжир гүтгэлэг гаргаж ирэх нь ихэсдэг. Үүний нэг илрэл нь гэж ойлгож болно. УИХ-ын гишүүд хоорондоо маргасан зүйл огт байхгүй. Дээр хэлсэнчлэн одоогоор тойрог, мандатыг эцсийн байдлаар тогтоогоод оруулаад ирсэн зүйл алга. Тэгээд ч энэ бол хэн нэгний хүсэл, сонирхлоор бус хуулийн дагуу шийдэх ёстой асуудал. Нэр дурдсан дөрвөн аймгийн мандатын тоог нэмэх нь хууль зүйн талаасаа ч, тэгш ардчиллын зарчмаараа ч зайлшгүй хийх ёстой ажил гэдгийг дахин хэлье. Тиймээс үүнийг гарцаагүй ярьж таарна.

-Таны хэлсэнчлэн тойрог, мандатыг хуваарилахдаа хуулиа баримтлах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд АН-ынхан олон суудал авах магадлалаа тооцоод хэд хэдэн аймгийн мандатын тоог цөөлчихсөн. Гэтэл одоо дахиад нэмэх тухай ярьж эхэллээ. Үүний цаана хуулиа баримтлах зарчмыг орхиод байгаа юм биш үү?

-Ерөөсөө Сонгуулийн хуулиа баримтлах, мөрдөх гэдэг нь олон түмний эрх ашигт нийцүүлэх тухай ойлголт юм шүү дээ. Сонгуулиа зөв зүйтэй хийдэг, ард иргэд нь сонголтоо зөв хийдэг байх, тэгш сонголт хийх боломжийг олгохын төлөө л Сонгуулийн хуулиа баталж байгаа юм. Түүнээс хуульдаа элдэв буруу зүйлийг наагаад байж болохгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын иргэн хүн өөрийн төлөөллийг хууль тогтоох байгууллага буюу УИХ руу оруулах бололцоог хангах гол зарчмаасаа хазайж болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн амынхаа нягтаршил, суурьшлыг зайлшгүй харгалзах ёстой. Газар нутгийн байршлаас үл хамаараад тэгш боломжийг л сонгогчдод олгох учиртай юм. Энэ нам нийслэлээс, тэр нь орон нутгаас сонгогддог гэдэг нь үнэхээр өрөөсгөл шүүмжлэл. Хөдөө, хотын иргэдийн бодол санаа, боловсрол зэрэгт ялгамжтай хандаж, хагалан бутаргаж хэрхэвч болохгүй. Үндсэн хуульдаа бид иргэнээ дээдлэх зарчмыг суулгасан улс атлаа ийм зүйл ярих учиргүй юм.