Эх сурвалж: Монголын үнэн сонин
"Улс төрийн намууд зөв хүнээ нэр дэвшүүлж байж иргэд зөв сонголт хийнэ"
Сонгуулийн жил гарсантай холбогдуулан улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулах үйл явц хэдийнэ эхэлжээ. Хэдийгээр аль нам, хэнийг нэр дэвшүүлэхээ зарлаагүй ч зарчмын асуудлаа дотооддоо ярьж эхэлсэн.
Тухайлбал, АН-ынхан сонгуульд нэр дэвшигчээсээ 100 сая төгрөгийн дэнчин авахаа мэдэгдсэн. Үүнээс үүдэж, дэнчин авах нь төрийн албыг наймаалцах эхний алхам төдийгүй сонгуулийг мөнгөний уралдаан болгон хувиргаж байна гэх шүүмжлэл гараад байгаа. Улс төрийн ууган хүчин МАН-ынхан энэ тухайд тодорхой шийдэлд хүрснээ зарласан. Тодруулбал, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар энэ сарын 9-нд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд биечлэн оролцож, нэр дэвшүүлэх зарчмаа зарлан, УИХ-ын гишүүдтэйгээ санал солилцсон юм. Ингэхдээ МАН 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээсээ дэнчин мөнгө хураахгүйгээс гадна ёс зүйн аливаа асуудалд нэр холбогдоогүй хүмүүсийг улстөрчдийн рейтинг, судалгааны дүнд үндэслэн тодруулна гэдгээ зарласан. Энэ тухайд МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүрмөсөн зогсооно.
Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвар, мэдлэг боловсрол, ёс зүйтэй хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно” хэмээн мэдэгдсэн юм.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
"Намын даргын зүгээс нэр дэвшихийг горилогчид ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн дэмжлэг, хандивыг иргэд, аж ахуйн нэгжээс авахыг хориглосон. Тиймээс ийм байдал гаргасан горилогчийг сонгуульд чэр дэвшүүлэхгүй. Мөн нам сонгуульд амжилт үзүүлсний дараа ажил, албан тушаалд гомилохдоо өгсөн хандивын хэмжээгээр ханддагийг таслан югсоох ёстой. МАН илүү иэргэжлийн, мэргэшсэн, хариуцлага, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсийг гөрд ажиллуулна гэдэг зарчмаа зарлаж байна. Ингэснээр төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа завхралаас ангид байх болно. Тойргуудад ор дэвших боломжтой болон хүсэлтэй хүмүүсийн рейтингийн судалгаа хийнэ. Судалгааны үр дүнг харж, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ
" хэмээн тодотгосон.
Ямартай ч МАН-ын удирдлагууд ийнхүү мэдэгдсэний дагуу рейтингийн судалгааг явуулж эхэлсэн бөгөөд ирэх гуравдугаар сар гэхэд дүн нь гарах юм. Тухайн үед 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ эхний байдлаар тодруулах аж. Мөнгөтэй л бол сонгуульд нэр дэвшиж болно гэх өрөөсгөл ойлголт нийгэмд түгсэн энэ үед улс төрийн ууган хүчний зүгээс ийнхүү шийдвэртэй алхам хийж, сонгуульд нэр дэвшигчдэд тавих шалгуурын жишгийг тогтоохоо зарласныг сайшаах хүн олон байна. Гагцхүү хэлсэн ярьснаа ажил хэрэг болгож, 2020 оны УИХ-ын сонгуульд мэдлэг чадвар, ёс зүйтэй хүмүүсээ нэр дэвшүүлж, сонгуулийг мөнгөнөөс салгаж чадах эсэхийг харах л үлдэж байна. МАН өдгөө УИХ-д 64 суудалтай. Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуульд тэдний олонх нь нэр дэвшиж таарна. Ийм сонирхлоо ч эхнээсээ илэрхийлээд эхэлсэн. Тэгвэл тэд намын даргын зүгээс тавьсан зарчмын шаардлагыг хүлээн зөвшөөрөх үү. Энэ тухайд УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонслоо.
Ж.ГАНБААТАР: УЛС ТӨР ЦЭВЭРШИЖ БУЙН ИЛРЭЛ
-Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа тодорхой шалгуур тавихаа намын удирдлагууд илэрхийлсэн. Маш зөв шийдэл гэж миний хувьд үзсэн учраас 100 хувь дэмжиж байгаа. Улстөрчдийн рейтинг нь хэр өндөр байна вэ, үүнийг харна гэсэн. Ард түмний дунд нэр хүндтэй байгааг судалгаагаар тогтоочихон бол тухайн хүнийг нэр дэвшүүлэх л хэрэгтэй. Энэ бол шударга зарчим. Түүнээс өнгөрсөн хугацаанд намаа санхүүжүүлж ирсэн юм уу түүний, үүний хамаатан, эсвэл улс төрд удаан явсан гэдгээр нэр дэвших эрх өгөөд байж болохгүй. Хэрвээ ийм байдлаар нэр дэвшигч тодруулбал утгагүй зүйл болно. Тиймээс эхний ээлжид улстөрчдийн рейтингийн судалгааны дүнг харах нь зүйтэй. УИХ-ын гишүүн болох хүмүүст ард түмэн итгэл өгөх ёстой болохоос улс төрийн нам өмнөөс нь шийдвэр гаргадаг байж болохгүй. Манай нам ийм санаачилга дэвшүүлж, намын гишүүдцээ зарлаж байгаа нь улс төр цэвэршиж буйн илрэл. Цэвэршинэ гэдэг нь ямар нэгэн хүн юм уу бүлэглэлийн барьцаанд улс төрийн нам байхаа болино л гэсэн үг. Улстөрчдийн рейтинг тогтоох судалгааг зөндөө хийдэг. Түүний үр дүнг харахад л тухайн аймаг, сум юм уу тойргийн иргэд. “Энэ хүн манай тойргоос УИХ-д биднийг төлөөлөх ёстой” гэдгээ илэрхийлчихэж байгаа юм. Тиймээс тухайн хүнийг нэр дэвшүүлэх нь хамгийн зөв зарчим. Дэнчин хураахгүй гэдгээ намын дарга мэдэгдсэн. Үүнийг АН-ынхан мушгиад л байна билээ. Энэ бол өөрсдийнхөө зарласан 100 сая төгрөгийг хамгаалах гэсэн л нэг хэлбэр юм. Үүнд өөр нэг их дүгнэлт хийгээд байх шаардлагагүй.