Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
2020.01.10

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар,Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. 

Төрийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан -Уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр, Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар, Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж, хилийн заагт өөрчлөх асуудалд судалгаа хийж, төрийн тусгай хамгаалалтад авахаар болсон байна. 

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулав. 

БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. 

Эдгээр нь  зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31 461 221 га байсан бөгөөд эдгээр газруудын шинээр болон өргөтгөлөөр авснаар 32 759 268 га  болж Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20.94 хувийг эзлэнэ гэж төсөлд дурджээ.

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр байгаль хамгаалагчийн тоог таваар нэмэгдүүлж, жилийн төсөвт 30 446 520 төгрөг, Хомын талын байгалийн цогцолборт газрын, Ачит нуур-Дэвэл арлын байгалийн цогцолборт газрын, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалтад хамруулснаар шинээр хамгаалалтын захиргаа байгуулагдаж, жилийн төсөвт ойролцоогоор 294 496 952 төгрөг тусгана гэж байлаа.

Харин Байгалийн нөөц газрын болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй 4 газрын хамгаалалт, менежментийг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх аж. 

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-очир, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун, Д.Дамба-очир, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар асуулт асууж, салбарын сайдаас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан зарим, хууль тогтоолын эцсийн найруулгыг танилцуулсан юм