Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлав
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2019.12.12\ хуралдаанаар, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг баталлаа.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгажээ.
Ингэхдээ, ажиллах онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн өргөн нэвтрүүлгийн болон суваг дамжуулагчид тавигдах ерөнхий шаардлагыг тусгаад байгаа юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусгасны зэрэгцээ төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын зарим засвар оруулсан байна. Мөн хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарчмын зөрүүтэй 5, найруулгын 2 санал гаргасныг санал хурааж шийдвэрлэжээ.
Мөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ нь радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ, олон суваг дамжуулах үйлчилгээ, олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ, арилжааны радио, телевизийн үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар тусгаж, түүний үйл ажиллагааны онцлог зохицуулалт болох хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, үндэсний нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн зохицуулалт, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид, радио, телевизийн газрын дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлага болон зар сурталчилгаа, архив, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага зэрэг зохицуулалтуудыг тусгаад байгаа юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гарагийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт нар үг хэлж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ажлын багаас асуулт асуув.
Ингээд хуулийн төслийн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Төсөлд “гадаадын хөрөнгө оруулагч этгээдэд радио, телевизийн газрын сүлжээний болон өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг хориглох” гэсэн агуулгатай заалт нэмэхээр болов.
Түүнчлэн“Хуулийн этгээд нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ; олон суваг дамжуулах үйлчилгээ; өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээний төрлийн тусгай зөвшөөрлийг нэгээс илүүг болон давхар эзэмшихийг хориглоно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас радио, телевизэд хөрөнгө хуваарилах шалгуур үзүүлэлтэд үндэсний бүтээлийн хувь хэмжээний шаардлага хангасан болон олон нийтэд хүртээмжтэй байдлыг харгалзан” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Нэгдсэн хуралдаанд оролцсон 44 гишүүний 37 нь буюу 84.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
Уг хууль батлагдсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулж төслийн анхны хэлэлцүүлгийг ТББХороо 2019.12.10-ны хуралдаанаар хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асууж хариулт авч дууссаны дараа санал хураалт болж гишүүдийн олонх уг хуулийн тогтоолын төслийг дэмжлээ.