Үй олноор хөнөөх терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019.10.10

Үй олноор хөнөөх терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Хуулийн төслүүдийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүд байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “Монгол Улсад” гэснийг, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус хасах санал ирүүлжээ. Түүнчлэн 3 дугаар зүйлд “3.1.18.“дотоодын жагсаалт” гэж үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхтэй холбоотойгоор терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас баталсан хүн, хуулийн этгээдийн жагсаалтыг” гэж, 9 дүгээр зүйлд “9.1.9.хоёрдмол зориулалтай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах” гэсэн хэсэг нэмэх санал гаргасан байна. Чуулганаар дээрх санал тус бүрээр санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжлүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, "УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Маргааш буюу энэ сарын 11-ны чуулганаар хуулийн төслийг батлах болно. Уг хуулийг баталж, тероризмтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж байгаа тухай албан бичгийг ФАТФ-т хүргүүлнэ" гэв.