Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг дэмжлээ
2019.10.03

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан (2019.10.03) 57.9 хувийн ирцтэйгээр 09 цаг 42 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа. Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тэрбээр дурдав.

Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна. Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулсан байна. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн санал хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.