Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2019.09.12

Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн  (2019.09.12) хуралдаан 13  цаг 10 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2011, 2016 онд байгуулсан 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд амжилттай хэрэгжсэн. Энэ туршлага дээр үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийн нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан, дараагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд ашиглах зээлийн нөхцөл хүү  нь 0, хугацаа нь 16-26,5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5-12 жил байна. Австрийн гарал үүсэлтэй бараа, үйлчилгээг худалдан авахад зээлийн хөрөнгийн 50-иас доошгүйг ашиглах нөхцөлтэй, санхүүгийн хамтын ажиллагааны хугацаа 2 жил байх бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцож, холбогдох төслийн гэрээг хийх болно. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж,ариун цэвэр, бохир ус, хог хаягдал, төмөр зам болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөө аж ахуй, бусад гэсэн салбарын дэд бүтцийг санхүүжүүлнэ. Ерөнхий хэлэлцээрийг байгуулсны дараа зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Австрийн Засгийн газарт хүргүүлнэ гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал хэлсний дараа Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.