С.Эрдэнэ: Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан үлдсэнгүй
2019.09.12

С.Эрдэнэ: Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан үлдсэнгүй

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөс Ерөнхийлөгч саналаа татлаа. АН мөн саналуудаа татсан. МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах нөхцөл байдал бүрдэж байна. Дангаараа баталсан Үндсэн хуулийн өөрчлөлт одоо мөрдөгдөж байгаа хуулиас дээр болж чадах болов уу? 

-Юуны өмнө Үндсэн хууль гэдэг эрхзүйн ямар хүрээнд үйлчилдэг бичиг баримт билээ гэдгээ бодох ёстой. Үндсэн хууль гэдэг аль нэг намын өмч биш. Нийт ард түмний хамгийн том эрхзүйн баримт бичиг. Энэ хуулиар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, төрийн бүх шатны байгууллагын харилцааг зохицуулж байдаг.

Нийгэм эдийн засгийн бүхэл бүтэн тогтолцоог зохицуулж байдаг баримт бичиг. Гэтэл үүнийг олонхи байлаа гээд дангаараа шийдэх боломжгүй. Олонхийг бүрдүүлж байгаа намын бүтэц, ёс зүй, эрхзүйн хувьд чадамжтай байж чадаж байна уу гэдгийг тооцох ёстой. 65 гишүүнтэйгээр монгол түмний итгэлийг хүлээж, төрийн эрх мэдлийг авсан МАН бодит байдалдаа ард түмний итгэлийг дааж чадсан уу. Тэдний хэд нь ямар нэг асуудалд холбогдоод байгаа гэдгийг бодох ёстой. Тэгэхээр энэ мэт зүйлийг бодолцож асуудалд хандах байх гэж найдаж байна.  

-АН-аас 25 санал хүргүүлсэн. Хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд танай саналуудаас хэдийг нь дэмжсэн бэ?

-Бидний өгсөн саналын гурвыг нь л найруулгын түвшинд хүлээж авсан. Түүнээс биш яг дэмжсэн санал байхгүй. Асуудал жижиг, томдоо биш. Улс төрийн намуудад ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага гэж бий.

Тэгэхээр аль аль талынхаа санал, дүгнэлтэд хүндэтгэлтэй хандах ёстой. Харамсалтай нь олонхи бидний саналыг хүндэтгэсэнгүй. Тодруулж хэлэхэд, АН саналаа татсан нь Ерөнхийлөгч төслөө татсантай ямар ч холбоо, хамаарал байхгүй. Төрийн шинэчлэл хийх гол гол өөрчлөлтүүд нь бүгд унасан.

Ийм нөхцөлд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг үнэхээр цааш явах боломжгүй. Шаардлага ч байхгүй гэж үзсэн учраас бид хүргүүлсэн саналаа татсан. 

-Гол нь энэ байдлаар батлагдвал Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаанаа хангаж чадах болов уу гэдэг л асуудал биз дээ?

-Чадахгүй. Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан болсон бүх заалтыг унагачихлаа шүү дээ. Ерөнхийлөгч болон АН-аас оруулсан саналаас гадна МАН-ын 62 гишүүний өргөн барьсан санал бий. Эдгээрээс Үндсэн хуулийг өөрчлөх шалтгаан, шаардлагыг хангасан, шинэчлэл, реформ хийх саналууд нь уначихсан.

Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах асуудал, давхар дээлийг тайлах заалт гээд бүгд унасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тусгаж өөрчлөх ёстой байсан хэдхэн заалтыг бүгдийг нь унагачихаар Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй болж байгаа юм. 

-Хэлэлцүүлэг дуусч ард нийтийн санал асуулга руу орж байхад Ерөнхийлөгч болон, АН тэр саналаа татаж авах хууль эрх зүйн үндэс байхгүй гэж МАН-ын бүлгийн дарга мэдээлсэн. Тэгэхээр саналаа татаж авч байгаа нь хууль зөрчсөн асуудал гэсэн үг үү?

-Үгүй. Тийм дүрэм, журам байхгүй. Хайрцаглах гэж оролдож байгаагийн л илрэл байхгүй юу. Түүнээс биш эцэслэн батлагдаагүй тохиолдолд ямар ч хуулийн хэлэлцүүлгээс саналаа татаж авах боломж нээлттэй. Албан ёсоор батлагдаагүй, хуульчлагдаагүй байгаа тохиолдолд саналаа татах эрх нь нээлттэй. 

-Танай намаас хүр­гүүлсэн саналын дунд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал орсон байсныг хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн зүгээс цаашид ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэсэн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах санал хүргүүлснийг ч мөн хүлээж авсангүй. Ер нь засаглалын хэлбэрт учир байгаа болохоор хөндөөд байна гэж ойлгож болох уу?

-АН өөрийн үзэл баримтлалаа батлаад өнгөрөгч нэгдүгээр сард Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Манай намын шинэчлэн найруулсан үзэл баримтлалд бид парламентын засаглалыг дээдэлсэн баруун төвийн нам байна гэдгээ зарласан. Парламентын засаглалаас ямар нэг хэлбэрээр ухрахгүй.

Ер нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд парламентын засаглалтай байх нь туйлын чухал. Цаашдаа улам бүр сонгодог парламентын засаглал руу л явах ёстой. Ерөнхийлөгч засаглалын хэлбэрээр санал асуулга явуулъя гэж байгаа нь парламентын засаглалаас ухрах гэсэндээ биш гэж бодож байна. Засаглалын хэлбэрээ тодорхой болгоё гэж байгаа нь өнөөдрийн институци хоорондын эрх зүйн харилцаанд байгаа ойлгомжгүй асуудлыг нэг тийш нь болгоё гэсэн санал гэж ойлгож байна. Түүнээс биш парламентын засаглалаас ухраад, нэг хүний засаглал руу явъя гэж байгаа асуудал биш болов уу.

-Нэг нам дангаараа Үндсэн хуулийг өөрчлөхийн эрсдэлтэй тал нь юу байх бол. Үүнийг сөрөг хүчний намын даргын хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Одоо муулаад байгаа дордуулсан долоон өөрчлөл­тийг ч гэсэн тухайн үед олонхиороо хүч түрээд баталж байсан шүү дээ. Хүч түрж оруулсан өөрчлөлтийнх нь үр ашиг одоо ч арилаагүй байна. Тэгэхээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт сөрөг үр дагавартай байвал түүний хариуцлагыг тухайн улс төрийн нам л үүрэх ёстой. Гэвч улс төрийн нам мянга хариуцлага хүлээсэн ч нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бий болсон нийгмийн бүх сөрөг үр дагаврыг ард түмэн л үүрнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нэг нам олондоо эрдэж хийх асуудал биш. 

-Ард нийтээс санал асуулга авч байж эцсийн байдлаар батална гэж байгаа. Хэрвээ ард түмэн нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол яах вэ?

-Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэж харж байна. СЕХ санал асуулгыг 12.5 тэрбум төгрөгөөр явуулах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргасан. Гэтэл УИХ 29 тэрбумаар баталж байна. Бараг гурав дахин өсгөж баталж байгаа нь сонин. Үүний цаана дахиад л үргүй зардал гаргах, олон түмний халааснаас хумслах нь.

Бид энэ зардлын задаргааг нэг бүрчлэн гаргуулна. Цаг хугацааны хувьд аваад үзсэн ч санал асуулга явуулах боломжгүй. Аравдугаар сар гээд Улсын төсөв хэлэлцэж эхэлнэ. Төсөв хэлэлцэж байх үед ард нийтийн санал асуулга зохион байгуулах нь хэр оновчтой вэ гэдгийг бодох ёстой. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тариалан гээд ажил зуун задгай байна шүү дээ. 

-Өөрсдөө санаачилсан атал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадахгүй бол УИХ хариуцлага хүлээх үү?

-Ямар ч хариуцлага хүлээхгүй. Хууль батлаагүйн төлөө хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Харин ёс зүйн хувьд мэдээж муухай. Батлах хэмжээний хуулийг боловсруулж оруулж өгч чадаагүй байна гэсэн үг. Баталж чадахгүй бол эрх баригчид дотроо эвдрэлтэй, нэгдсэн байр сууринаас хандах чадамжгүй байгааг л харуулна. Ёс зүй хариуцлагаа ухамсарлавал, тарах ёстой. 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа сонгууль зохион байгуулна гэсэн шуум гараад байгаа. Үндэсний аюулгүй байдлаас СЕХ-нд  ээлжит бус сонгуульд бэлтгэж бай гэсэн үүрэг өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Энэ талаар ямар нэг мэдээлэл байна уу?

-Одоо л сонсож байна. Ер нь ээлжит бус сонгууль зохион байгуулах ямар нэг шалтгаан байх ёстой. Нэг намын хэт олонх бүрдсэн энэ их хурал хариуцлагаа хүлээж тарвал нөхөн сонгууль явуулж болно. Цөөнхийн зүгээс дахин сонгууль явуулъя гэж мянга шаардаад хүлээж авахгүй. Гэхдээ бидний шаардлага одоо ч нээлттэй байгаа. Олонх хариуцлага хүлээж, буруугаа хүлээн зөвшөөрч УИХ тарвал нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдэх нь тодорхой.

-“Эрдэнэт үйлдвэр”-т 150 сая ам.долларын нууц гэрээ хийсэн талаар та мэдээлсэн. Ямар учиртай гэрээ, хэзээ хийсэн юм бэ?

-Энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газарт асуулга тавьсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 150 сая ам.долларын нууц гэрээг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдээд байгаа. Энэ үйлдвэрт зургаан сарын хугацаанд онц байдал тогтоож, Засгийн газрын шууд хяналт дор үйл ажиллагаа явуулахаар болсон. Зургаан сарын турш “Эрдэнэт” үйлдвэрийн бүх үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн үг.

Засгийн газарт эрх олгох тухай 1998 оны Улсын бага хурлын тогтоолд Онц байдал тогтоосон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тухайн үеийн Улсын бага хурал, одоогийн УИХ-д сар бүр танилцуулж байх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Бүтэн зургаан сар өнгөрч байхад нэг ч удаа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой мэдээллийг Засгийн газрын зүгээс УИХ болон холбогдох байнгын хороонд мэдээлсэнгүй. Ингээд өнөөдөр 150 сая ам.доллар буюу 400 гаруй сая төгрөгийн худалдан авалт хийсэн асуудал гарч ирэхэд хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэн будилж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл.

Онц байдал нэрийн дор идэж, ууж, шамшигдуулах үйлдэл явуулж байна уу гэж хардахад хүргэж байна. Энэ асуудлыг шалгаж олон нийтэд мэдээлээч гэсэн асуулга тавьсан.