2019.05.30

М.Билэгт: ЕБС-д ёс суртахууныг заах цаг болжээ

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Бид сүүлийн 28 жил хүмүүжил ёс суртахууны асуудлыг ор тас мартсан. Үүнээс болж нэг бүтэн үеийг ийм ёс суртахууны доройтолд оруулж, аль нь зөв буруугаа мэдэхээ байсан. Үүнийг алдаа бол сонгуулийн үед гаргадаг улс төрчдийн араншин. Хамгийн их үлгэр дууриалал авах ёстой хүмүүс төрийн дээр гарах ёстой ч өнөөдөр ард иргэд нь төрийн түшээдээ үзэн ядах хэмжээнд хүрчихээд байна.

Угтаа нэр хугарахаар яс хугар гэсэн философитой Монголчуудын хувьд энэ бүхэн уламжлалт ахуй амьдрал хэв маягт эртнээс  шингээстэй байсан. Нүүдэлчин соёлын гол ухаан нь гэр бүлийн хүмүүжил байсан. Гэтэл өнөөдөр багш, эцэг эхчүүд бие биедээ найдаад хүүхдийн хүмүүжил төлөвшлийг орхигдуулсаны уршигаар сайныг муу, мууг сайн гэж төөрөөд чиг баримжаагүй болжээ. Энэ бол 28 жилийн төрийн буруу удирдлагын алдаа юм.

Хүний ёс суртахуун 9-10 наснаас эхэлдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Тиймээс ЕБС-иас нь ёс суртахууныг эхлэх хэрэгтэй байна. Тухайн сургуулийн үнэлэмжийг сургуулийн захирал, ангийн багш, нийгмийн ажилтнаас эхэлмээр байна. Мөн сайдын хэлсэн сэтгэл зүйчтэй болгох нь зөв.

Философийн чиглэлээр сурч байгаа оюутнуудаас ёс суртахуун гэж юу гэж асуухад тохирох хариултыг хэлж чадахгүй байна. Шударга ёс, хүнлэг чанар гэж юу вэ гэхээр хариулт хэлж чадахгүй байна гэж эрдэмтэн багш нар халаглаж байна.

Хамгийн гол юмаа ЕБС-иас эхэлье. Тэнд байгаа багш нарыг зөв бэлтгэе. Багш хүн ямар хүндэтгэлтэй хүмүүс байлаа. Гэтэл өнөөдөр тэднийг үнэлэхээ байж. Үнэлэмж нь өөрчлөгдөөд байна."