Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2019.05.30

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тус хуулийг  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018 оны 09 сарын 19-нд өргөн мэдүүлжээ. Анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан.

Нийт 8 бүлэг бүхий хуулийн төслийн зорилго нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим,үндсэн чиглэл, зохион байгуулалт, уул ажил дахь төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог тодорхойлох замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилготой ажээ.

Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаархи зохицуулалтыг төсөд тусгасан байна.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаархи Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг тусгажээ.

Гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул ХЗБХ-нд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.