Ц.Даваасүрэн гишүүн Мөрөн, Арбулаг, Шинэ-Идэр суманд ажиллав
2019.04.17

Ц.Даваасүрэн гишүүн Мөрөн, Арбулаг, Шинэ-Идэр суманд ажиллав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дөрөвдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Арбулаг, Шинэ-Идэр, Мөрөн суманд ажиллаж, нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулав. Уг уулзалтууд аймгийн төв болон сумын багийн төвд болж, иргэдийн санал хүсэлтийг сонсон хаваржилтийн бэлтгэлтэй танилцлаа.

“Барилгын ажил эхэлж байна. Улирлын чанартай манай улсын хувьд хаа сайгүй бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ. Орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын хэсэгтэй танилцлаа. Зарим газар цэвдэг хөрстэй учир барилгын ажлын зардал нэмэгддэг. Энэ жилийн хөрөнгө оруулалтыг харахад зарим нэг төслийн зургийг яаравчлах ажил гарч байна. Арбулаг суманд сургуулийн барилга эхэлсэн ч соёлын төвийн барилгын зураг гараагүй учраас ажил нь эхлээгүй байна. Даруйхан шаардах ажлын нэг бол хөрөнгө оруулалтын ажлуудын тендерүүдийг түргэтгэхгүй шаардлага гарч эхэллээ. Өнөөдөр ажил эхлэх ёстой байтал зурган дээр гацсан байдалтай байна. Тендер хойшлогдох тусам барилгын ажил эхлэх хугацаа улам сунгагдана. Төсөв суугдсан хэрнээ зураг гараагүйн улмаас барилгын ажил хойшлогдож байна” гэж Ц.Даваасүрэн гишүүн Арбулаг суманд баригдаж байгаа сургуулийн барилгын явцтай танилцсаны дараа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачлагаар 3,8  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арбулаг суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн барилгын ажил эхэлжээ.

Уг байр урлаг, спортын томоохон заалтай орчин үеийн шаардлагад нийцсэн барилга болох аж. Барилгын ажлыг 2018 оны намар эхлүүлсэн ч ус гарч ажлыг түр зогсоож, энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсон байна.

Арбулаг суманд хийгдэж байгаа ажлын нэг бол шинээр 150 өрх айлыг цахилгаанаар хангах трансформатор юм. Одоогоор уг ажил 70 хувийн ажлын гүйцэтгэлтэй байна.

Арбулаг суманд 300 гаруй өрх айл байдгаас тэдний 60-70 хувь нь өндөр хүчин чадалтай цахилгааныг авах боломж бүрджээ. Мөн уг трансформаторыг айл өрх төвлөрсөн хэсэгт байрлуулан суурилуулалтын ажлыг эхлүүлжээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн аймгийн төвд иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Иргэд уулзалтын үеэр олон санал, санаачлага хэлж байлаа.

Мэргэжил сургалтын төвд мэргэжлийн ангиудыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн ажилтан бэлтгэх ажлыг эхлүүлэх. Сургалтын арга барил хуучин тоног төхөөрөмж дээр явагдаж байгаа учраас үүнийг шинэчлэх хэрэгтэй.

Мэргэших сургалтыг чанаржуулж, иргэдийн ажлын байртай болгоход анхаарахыг сануулсан юм.

Мөрөн сумын гудамж талбайг камержуулах ажлыг хэдэн жилийн өмнөөс хийж эхэлжээ. 112 камер ажиллаж, цагдаагийн газар хянагдаж байгаа аж. Цахилгааны саатал, техникийн элэгдлээс шалтгаалж зарим камер элэгдэлд оржээ. Одоогоор 84 камерт бүрэн бичигдэж хяналт хийгдэж байгаа мэдээллийг аймгийн Цагдаагийн байгууллагаас өгсөн байна. Аймгийн ИТХ-аас шаардлагатай хөрөнгийг баталж өгчээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд камерын ажлыг чанаржуулж, төсөв дээр 300 сая төгрөгийг тусгасан байна. Камерын асуудал цаашид асуудалгүй байх болно гэдгийг албаныхан хэлж байв.

Нийтийн тээвэр асуудал их байгааг иргэд хэллээ. Мөн хот, хоорондын тендер шударга бус явагдаж, орон нутгийн иргэдэд боломж бага болсон байна.

Улаанбаатар хотод байгаа хэн нэгэн эрх мэдэлтэй хүний өмнөөс тендерт орж, тендер удирдаж яваа хүмүүс байна гэв. Орон нутгийн жолооч нар тендерт шалгараад бие даасан эрхээ аваад орон нутагтаа татвараа төлж явах хэрэгтэй байна гэдэг асуултыг тавилаа. Тендерт том эрх мэдэлтэй хүмүүс орж, тэд авч орон нутгийн иргэдэд боломж бага болсныг хэлж байв. Хот, хооронд зорчдог орон нутгийн жолооч нарт ажлын ачаалал багасч байгааг дурдав.

Иргэд ноосны урамшуулал удаан олгогдож байгааг шүүмжилж байв. Үүний оронд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж явмаар байна.

Уул, уурхайн асуудлыг сайтар бодолцож, байгалиа сүйтгэхгүй байх талаар анхаарал хандуулаасай гэдгээ хэлж байв. Мөн эрүүл мэндийн тусламж авахад маш хүнд боллоо. Багийн төвд байгаа эмчийн ахуй хангамж бага байна. Иргэдийн хувьд  мал аж ахуйгаа эрхэлж явах сонирхол их байна. Уул уурхайн ажил их гарч байгаа ч нөхөн сэргээлтгүй болж байгааг онцлон хэлж байлаа. Хөвсгөл нутгаа ухуулахгүй байхыг гишүүнээс хүссэн иргэд олон байв.

Боловсролын салбарт сайжруулах зүйл их байна. Хичээлийн программд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хүүхдүүд нэгдүгээр ангийн программыг үнэндээ дийлэхгүй байна. Хуучин найман настай хүүхдэд заадаг байсан сургалтыг өнөөдөр зургаан настнуудад зааж байгааг шүүмжилж байв. Мөн зургаан настнууд сургуульд орж, малчид маш хүнд байна. Хүүхдээ сургуульд суулгахын тулд гэр бүл хоёр талд амьдрах нөхцөл гарлаа. Энэ бол малчдын хувьд хэцүүхэн асуудлын нэг гэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг Хөвсгөл аймгийн Мөрөн, Арбулаг, Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзалт  хийсний дараа ярилцлаа.

-Орон нутагт бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Гэтэл зарим газар бүтээн байгуулалтын ажил удааширалтай явж байна. Таны хувьд хоёр ч сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Ажлын явц ямар түвшинд байна вэ?

-Орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Өнгөрсөн жил болон энэ жил хийгдэх сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв гэсэн 20 орчим шинээр баригдах барилга байгууламж манай тойрогт байгаа. Зарим ажил зургаас болж, тендер зарлагдаж эхлээгүй байна. Барилгын ажлыг эхлэх гэтэл ажил нь зогсонги байгаа байдал харагдлаа. Засгийн газраас ижил төстэй зургаар хийе гэж шийдсэн ч энэ нь асуудал дагуулж байна. Яам, Төрийн өмчийн хорооны хооронд ажил цалгардах асуудал гарч байна.

-Малчдыг дэмжихэд Засгийн газраас ямар бодлого барьж байна вэ?

-Ялангуяа залуу малчдын асуудал чухал байна. Нөгөөтэйгүүр эдийн засгийг солонгоруулахад хөдөө аж ахуй чухал. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дахин боловсруулдаг үйлдвэрийг барих, нэмүү өртөг шингээж үйлдвэрлэлийг бий болгоход анхаарах хэрэгтэй. Мөн мал дээр гарч байгаа залуу гэр бүлийг дэмжих нь чухал байна. Одоо байгаа малчдыг харахад ихэнх нь 40-с дээш насных болжээ. Ахмадын ярьж байгаагаар залуучуудаа дэмжих хэрэгтэй байгааг анзаарлаа. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хөдөө аж ахуйг дэмжсэн ангиудыг нээж, малчдыг нийгэмд тусгай зүйл хийхэд төрөөс дэмжих хэрэгтэй байгааг уулзалт болгоноос харагдаж байна. Малчид малын түүхий эдээсээ орлого олох боломж их байна. Орлого бага тусам малчид хотын төв рүү суурьших бодолтой байна шүү дээ. Монголын ард түмэн үеийн үед өлсгөлөнд нэрвэгдээгүй ач тусын нэг бол мал аж ахуй юм. Бид тэдэн оны зуд гэж ярьдаг байсан. Тиймээс  хөдөөд залуу малчдыг суурьшуулахын тулд төрөөс дэмжих хэрэгтэй байгаа нь харагдаж байна. Үүнийг малчид маш ихээр ярьж байна.

-Малчидтай уулзахад мэдээлэл сайн авдаг болсон байна. Зарим иргэд бодлого ярих хэмжээнд болжээ. Тэдэнд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Хөдөөгийн иргэдтэй уулзаж байх үед мал аж ахуйн бүтээгдэхүүний /ноолуур, ноос, мах/үнэ нэмэгдсэн нь өр зээлээсээ салах боломж байлаа гэж байна. Банкны зээлгүй болсон малчид их болжээ. Тэдэнд өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал юу байна вэ гэхээр малчны удам тасрахад хүрлээ гэж байна. Залуу малчдаа дэмжиж өгөөч гэж ярьж байна. Орлого нь дээшилж, ахуй амьдрал нь сайжрах юм бол залуучууд хөдөө байх дуртай болно. Хот бараад ирэхээр хөдөөд эзгүйрч уул, уурхай улам л нэмэгдэнэ. Мөн малчид уул, уурхайн ашиглалтыг цэгцэлж өгөөч гэдэг саналыг их тавьж байна. 3 сая хүн амтай бид хэдэн уурхайг зөв аваад явах хэрэгтэй. Гэтэл бүгдийг ухна гээд дайраад байгаа нь малчдын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Манай аймагт үүнээс болж тулгамдаж байгаа олон асуудал гарч байгааг уулзалт болгон дээр хэлж байна. Ялангуяа нүүрсний ордны асуудалд иргэд эсэргүүцэлтэй болжээ. Мөн төмөр замын асуудалд эсрэг байр суурьтай байна. Төрөөс бодлогоор энэ хэсгийг одоо ашиглая, үүнийг нь хэдэн жилийн дараа ч гэдэг юмуу бодлого барих хэрэгтэй байна. Бүгд л лиценз барьсан улс болж, малчид илүү ихээр бухимдалтай болж байгаа нь улам их мэдрэгдэж эхэллээ.

-Орон нутагт боловсон хүчин дутмаг байгааг Мөрөн, Арбулаг, Шинэ-Идэр суманд ажиллах үеэр харагдлаа. Малчид юунд илүү санаа зовниж байна вэ?

-Иргэд хүүхдийнхээ боловсролд их анхаарч байна. Нэг чухал зүйл хэлсэн нь 4-р анги хүртэл сургаад цааш явахыг нь төрөлжүүлээд явуулмаар байна гэж байна. Үнэхээр хөдөө аж ахуй руу орох хүүхдээ энэ чиглэлд нь илүү түлхүү бэлдэе гэсэн саналтай иргэд олон болжээ. Мал аж ахуй дээр гарах хүүхэд мах, сүүн бүтээгдэхүүнээ боловсруулдаг мэдлэгийг сургалтаар дамжуулж авах хэрэгтэй байна гэдгийг малчид хэлж байна. Хүүхдүүдээ дунд сургуульд нь мэргэшүүлж гаргах санал санаачлагыг малчид дурдаж байна. Эрүүл мэндийн салбарт сайжруулах зүйл байгааг их хэллээ. Бид даатгалын мөнгө төлөөд байдаг. Гэтэл эмнэлэгт очиж үзүүлэхээр төлбөртэй хэвээр байна гэд асуудлыг их тавьж байна. Боловсон хүчнээс гадна эрүүл мэндийн байгууллага иргэддээ түргэн шуурхай хүртээмжтэй үйлчлэх хэрэгтэй байгааг орон нутгийн иргэд тавьсаар байна. Уулзалт хийсэн газар бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалыг илүү их хөндөж асууж байна.