ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо
2019.02.19

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Итали Улсын нийслэл Ром хотод болсон НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдад оролцов. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ХААХОУС-гийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцох үеэрээ тус сангийн ерөнхийлөгч Гилберт Фосоун Унгбо, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Моник Элуа нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ХААХОУС-гийн ерөнхийлөгч Гилберт Фосоун Унгботай

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Моник Элуатай

Мөн тэрбээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын орлогч Даниель Густафсон, ХААХОУС-ийн дэд ерөнхийлөгч Корнелиа Риктер нартай тус тус хоёр талт уулзалт хийж, эдгээр байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагааныхаа талаар ярилцсан юм.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирлын орлогч Даниель Густафсонтай

Уулзалтын явцад ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт НҮБ-ын ХХААБ болон ХААХОУС-гаас үзүүлсэн дэмжлэг тусламж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтой байсаар ирсэн" гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар болов. Түүнчлэн ХААХОУС-гаас 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийг үр дүнтэй гүйцэтгэхэд хоёр талаас шаардлагатай бүхий л дэмжлэг үзүүлж ажиллахаа харилцан илэрхийллээ.  

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Ром хотод ажиллахдаа Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзсан юм.

Уулзалтын үеэр Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон төдийгүй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа Монголын түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж олон жил ярьсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаар тохиров. 

Талууд Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг ээлжийн дагуу энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар боллоо. 

Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай

Ийнхүү Ром хотноо хоёр өдөр үргэлжилсэн НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (ХААХОУС)-гийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцсон ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын сонгуульд Европын Холбоо, Франц Улсаас нэр дэвшигч Катерин Желан-Ланэель, Гүрж Улсаас нэр дэвшигч Леван Давиташвили нартай тэдний хүсэлтийн дагуу уулзсаныг тэмдэглэх нь зүйтэй.