Х.Нямбаатар: Ц.Элбэгдорж одоо ч шүүхэд нөлөөлсөөр байна
Нийслэлийн МАН-ын хорооны Дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй Нийслэлийн намын удирдах албан тушаалтнууд /2019.02.12/ хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.
Учир нь өнгөрөгч 2016 оны Орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь маргааны улмаас бүрдээгүй, Засаг дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн бөгөөд үүнээс үүдэн төсөв хөрөнгө батлах, бүтээн байгуулалт болон бусад ажил гацаанд байгааг тэд юуны өмнө онцолсон.
Тодотговол, 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АН-аас нэр дэвшигчид мөнгө, эд зүйлс тараасан нь нотлогдож, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байдаг. Ийнхүү гурван шатны шүүхээр уг асуудал явсаар өнөөдөртэй золгоход тодорхой шийдэлд хүрээгүйгээр барахгүй тус дүүргийн 10, 19 дүгээр хороо үндсэндээ төлөөлөлгүй гурван жил гаруйн хугацаанд явж иржээ. Эцэст нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэг шийдвэрээ удаа дараа гаргаж эрх зүйн орчин зөрчсөн. Тиймээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороо буюу хоёр тойрогт дахин сонгууль явуулж маргаан таслах шийдвэр гаргажээ. Гэтэл дахин сонгуульд оролцох ёстой АН-ын нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгөхгүй дахин дахин шүүхээр заргалдсаар ийнхүү урт хугацааг өнгөрөөсөн байна.
Тэгэхээр чухам яагаад ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хүндлэн дахин дахин зарга үүсгэж, сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж өгөхгүй байгаа юм гэх асуулт өөрийн эрхгүй дагалдаж таарна.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ
"Тус тойрогт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ өрсөлдөж, ингэхдээ мөнгө эд зүйлс тараасан. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлж, одоо ч нөлөөлсөөр байна" хэмээсэн юм.
Дашрамд дурдахад, уг маргааныг шийдвэрлэх хурал Улсын Дээд шүүхэд маргааш /2019.02.13/ болох юм байна. Тиймээс ахиад шүүхийн шийдвэрт бүү нөлөөлөөсэй. Баянзүрх дүүргийн дээрх хорооны 250 мянга гаруй иргэн төлөөлөлгүй, дүүргийн ажил бүхэлдээ гацаатай байгааг бодолцох хэрэгтэйг дуулгасан юм.