С.Мөнхчулуун:Ерөнхий сайд бид хоёр намын дарга, гишүүний л харьцаатай
2019.02.11

С.Мөнхчулуун:Ерөнхий сайд бид хоёр намын дарга, гишүүний л харьцаатай

Нийслэлчүүд  даргагүй болоод  нэлээд хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгож улмаар  /2018.01.23/ -нд  НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг өгсөн.  Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус албан бичгийн  хариуг өгөөгүй байгаа юм. Тиймээс энэ талаар С.Мөнхчулуунаас тодрууллаа.


-Таныг нийслэлийн даргад батламжлах эсэх албан бичигт  Ерөнхий сайд  одоогоор хариу өгөөгүй байгаад  ямар тайлбар өгөх вэ?

-Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу  бусад байгууллагатай  хамтран шийдвэрлэх аливаа албан бичигт  30 хоногийн дотор хариу өгнө  гэсэн хуулийн заалт бий. НИТХ-ын хурлын тогтоол өнгөрөгч сарын 16-нд гарсан боловч Ерөнхий сайдад  23-нд албан бичгийг хүргүүлсэн. Уг өдрөөр тооцвол  энэ сарын 23-нд хуулийн хугацаа нь дуусна гэсэн үг. Наана нь нийслэлд гарч буй  сөрөг үр дагаврууд болох хөрөнгө оруулалтын болон бусад ажилд шийдвэр гаргахад хүндрэлтэй асуудлууд гарч байна.

-Ерөнхий сайд 30 хоногийн дотор албан бичгийн хариуг өгөх ёстой гэж ойлгох уу?

-Тийм ээ. Хэрвээ  саналыг буцаавал НИТХ 15 хоногийн дотор хуралдаж  Ерөнхий сайдад дахин саналаа хүргүүлдэг. Энэ тохиолдолд тав хоногийн дотор томилох үүрэгтэй гэсэн хуулийн заалт бий.

-Ерөнхий сайд таныг нийслэлийн даргад батламжлах сонирхолгүй  байгаагаас  хариуг удааж байна гэх  олон нийтийн хардлага байна л даа?

-Үүнийг би хэлж мэдэхгүй. УИХ-ын намрын  чуулган завсарлахаас өмнө сайд нарыг томилох зэрэг улс төрийн томоохон шийдвэрүүд гарсан. Үүнтэй  холбоотойгоор  дээрх албан бичигт хариу өгөх нь удааширсан болов уу гэж би хувьдаа бодож байна.

-Ер нь Ерөнхий сайд та хоёрын харилцаа ямар вэ?

Намын журмын нөхдийн хувьд намын дарга, намын гишүүний хүрээний л харьцаатай. Миний хувьд янз бүрийн дарга нартай ойр холбоотой байгаад байдаггүй. Өөрт оногдсон ажлаа л хийгээд явдаг