С.Амарсайхан: Нийслэл эзэнгүй айл шиг байна
2019.01.30

С.Амарсайхан: Нийслэл эзэнгүй айл шиг байна

НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн сарын хугацаанд нийслэлд Засаг даргатай холбоотой ихээхэн дуулиант үйл явдлууд өрнөлөө. “Төрийн ордонд өрнөсөн үйл явдлын бага хувилбар нь Хангарьд ордонд өрнөлөө “гэсэн яриа хүртэл гарлаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Улс төрийн болон хувь хүний өөрийнх нь шийдвэртэй холбоотойгоор хотын дарга ажлаа өгсөн гэдгийг иргэд мэдэж байгаа. Мөн ИТХ зохих шатны санал хураалт явуулаад Ерөнхий сайдын түвшинд асуудал шийдэгдсэн. Өнгөрсөн оны сүүлчээр бид  нийгэм, эдийн засгийн үндэслэлээ баталсан. Хөрөнгө оруулалт, төсөв зэргээ баталсан. Мөн хотын өдөр тутмын ажилтай холбоотой асуудлууд шийдэгдэн, хэвийн үргэлжилж байна.

-Энэ оныг  “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” хэмээн зарласан. Иргэдийн оролцоотой хөгжих төлөвлөгөөг хэрхэн гаргасан бэ?

-2019 оныг бүхэлд нь иргэдийн тэр дундаа оршин суугчдын оролцоотой шийдэл хөгжлийн жил болгохоор зарласан.  Нийслэлийн өмнө тулгарч буй олон асуудлыг төр захиргааны хэдэн байгууллага шийдэх нь зөв хувилбар биш. Нийслэлд тулгамдаж буй утаа, түгжрэл зэрэг асуудал нь бүх хүний оролцоотой шийдэгдэх асуудал. Төрийн албан хаагч нь хариуцлагатай, ажилдаа эзэн байх ёстой. Иргэд нь оролдлоготой байх хэрэгтэй. Аливаад бэлэнчлэх сэтгэлгээтэй бус идэвхтэй байх хэрэгтэй юм. Хүн бүр бүх юм болохгүй байна гээд асуудал шийдэл эрэлхийлэхгүй, төрөөс бүхнийг хараад байж болохгүй. Хэрэв нөхцөл байдал ийм удаан үргэлжилбэл, бидний хэний ч амьдрал дээшилж, асуудал шийдэгдэхгүй. Үүнийг өнгөрсөн жилүүдэд бид хангалттай харсан. Тиймээс одоо хүн бүрийн оролцоог чухалчилъя. Наад зах нь хотын соёлыг төлөвшүүлье. Их хотын иргэн юм бол соёлтой байя.  Орц, хашаа, эргэн тойрноо цэвэрхэн байлгая гэдэгт уриалах юм. Төр эсвэл аль нэг олон улсын байгууллага, Европын том төлөөлөгч ирээд хотыг сайхан болгохгүй шүү дээ.  Бид нийгмээ өөрчилна.  Гагцхүү энэ нь төрийн албан хаагчийн хариуцлага,  иргэдийн оролцооноос эхтэй юм.  Улаанбаатар хот байгуулагдсаны 386 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнийг энэ онд жаахан өөр хэв маягаар хийх төлөвлөгөөтэй байна. Зөвхөн энэ ой гэлтгүй. Ер нь ойг тэмдэглэхдээ хэрэгтэй хэрэггүй бэлэг сэлт өгдөг. Тэр нь төсвийн үргүй зардал болдог. Ойн арга хэмжээ тэмдэглэсний дараа нийгэмд үлдэцтэй юм байдаггүй зэргийг хална. Ойн арга хэмжээг цаашид нийгэмд үлдэцтэй байхаар тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл, соёлын өвийг хамгаалах, түүхэн дурсгалт газрыг сэргээх, хотын соёлыг төлөвшүүлэх гэх мэт ажлыг зохион байгуулна. Жишээлбэл, бид “Даншиг” наадам хийснээр олон жуулчин ирээд төсөвт их мөнгө ордоггүй. Бөөн зардал болдог. Тэгвэл үүнийг шашин соёлын эсвэл жуулчны байгууллагууд нь өөрсдөө хийг. Нийслэл үүнд оролцохгүй. Харин тэнд зарцуулдаг мөнгөө түүхийн дурсгалт газруудаа тохижуулахад зориулна. Тэр нь гаднын жуулчид хийгээд дотоодын иргэдийн очих дуртай газар нь болох гэх мэт.

- Та өмнө нь “Хот төлөвлөлтийн институцтэй болъё” гэж ярьж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байна вэ?

Хотыг ер нь цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг цогцоор нь авч үзэх цаг болсон. НИТХ бол хотын хөгжийн бодлогыг гаргадаг тодорхойлдог байгууллага. Хотын хөгжлийг тодорхойлдог байгууллага хотын иргэдийн хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэх  сонгуулийн дөрвөн жилээр батлах ёсгүй.  40 жилээр нь төлөвлөн хардаг байх хэрэгтэй юм. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтөд хийсэн ажлууд зөндөө бий. Гэхдээ хотыг төлөвлөхдөө хэт өнгөц, өнөө маргаашаа харсан явцуу байдлаар төлөвлөж ирсэн. Мөн өмнөх төлөвлөлт нь өнөө цагт тохирохгүй байна. Ачааллаа мөн дийлэхээ больсон. Тиймээс Хот төлөвлөлтийн институцтэй болъё гэж байгаа юм. Хэрэв энэ чигээрээ нийслэл дахиад цаашаа эзэнгүй айл шиг явбал ирээдүй яах вэ гэдэг асуудал байгаа юм. Хотыг инженерийн байгууламжаас нь эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангасан олон улсад өрсөлдөх чадвартай хот болгохоор ажиллана. Цаашлаад ухаалаг систем дээр суурилсан хүн амьдрахад аюулгүй хот болгоно. Хот төлөвлөлтөд шинжлэх ухаанчаар хандана.

-Агаарын бохирдол амны уншлага болж байна. Гэхдээ энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Сүүлийн үед энэ талаар ямар ажил хийж байна вэ?

-Хотын утааны асуудал үнэхээр хүндрэлтэй байгаа. Гэхдээ ямар байдлаар асуудлаа шийдэх вэ гэдэг дээр ойлоголцох хэрэгтэй. Шалтгаанаа бүгд мэддэг хэрнээ ажил хэрэг болгох оролцоо хангалтгүй байна. Агаарын бохирдлыг бууруурах хэд хэдэн арга зам байгаа. Үүн дээр санал нэгддэг. Нэгдүгээрт, орон сууц, хоёрдугаарт, сайжруулсан түлш, гуравдугаарт, цахилгааны хэрэглэг нэмэгдүүлье гэдэг. Үүн дээр бид ажлын хэсэг байгуулаад төлөөлөгчдийн оролцоог бий болгох хэрэгтэй. Гэвч шат шатандаа ойлголцож, ажлаа гүйцэтгэхгүй байгаа. Мөн Засгийн газар шийдвэр гаргаад, төрийн хэдэн байгууллага ажиллаад утаа арилахгүй. Иргэдийн оролцоо энд чухал. Гал түлэхгүйгээр шийдэх арга байвал түүнийгээ хэрэгжүүлэх ёстой.

-“Нийслэлийн өмчийг эзэнтэй болгоё” гэдэг асуудлыг та хэд хэдэн удаа давтлаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Үнэ цэнэтэй мөртлөө асар үнэгүй болсон эд хөрөнгө нийслэлээр дүүрэн байна. Эднийг эдийн засагт үр өгөөжтэй болгоё. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар хотын банкны барилга зэргийг одоогийнхоор үнэлье. Хотын эзэмшлийн газар үнэ цэнэтэй байж иргэдийн өмч үнэтэй болно. Цаашлаад хот төлөвлөлтийн бодлогын хүрээнд хотод эдийн засаг аялал жцуулчлал, инноваци технологийн банк санхүүгийн гэх мэт дүүргийг бий болгоё гэж байгаа юм.

-НИТХ-ын хурал дээр та төлөөлөгчдийн ирцийн асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандсан. Ирцтэй холбоотой асуудал байна уу?

-Өчигдрийн (12.28) хурал дээр ирцийн асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандсан. Ер нь  хотын гэлтгүй төрийн байгууллагынхны хариуцлага анхаарал татсан асуудал болоод байна. Хурлын төлөөлөгч төрийн албан хаагчийг хариуцлагагүй ажил хийхгүй байна гэдэг хэрнээ өөрсдөө хуралдаа суудаггүй. Хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Түүнийг л шаардсан хэрэг. Төлөөлөгчдийг иргэдэд амалсандаа хүр. Аливаа ажлыг эзэнгүйдүүлдэг асуудлаа зогсоо. Ажил хэрэгч бай гэж байгаа юм. Амьдралыг нь дээшлүүлнэ гээд амлаад гараад ирсэн иргэдийнх нь  асуудлыг ярих, шийдэл гарцыг гаргахад тууштай ажил хийх гэхээр хуралдаа суухгүй алга болдог байж болохгүй. Аливаа зүйлийг эерэг хандлага бий болгодог. Өнөөдрийн нийслэлийн байдал ажилдаа хайнга ханддаг хүмүүсийн уршгаар ийм болсон. Зөвхөн сонгуулийн дөрвөн жилээр ажлыг хардаг. Аливаа асуудлыг хувийн сонирхлоор шийддэгээ болих хэрэгтэй. Энэ бол зөвхөн өнөөдөр гараад ирсэн асуудал биш. 20,30 жил бугшсан зүйл.

-“Сүүлийн 20, 30 жилд нийслэлийг ийм болгосон хүмүүс” гэж ярьлаа. Энэ чинь танай намынхан  шүү дээ.

-Нам гэдэг талаасаа асуудалд хандах нь өөрөө буруу зүйл. Амьдарч буй нийслэлийнхээ асуудлыг шийдэх нь хүн бүрийн хүлээх үүрэг шүү дээ. Тэр утгаараа би Ардчилсан намын ч бай, өөрийн намын ч бай бүх төлөөлөгчид шаардлага тавьж байгаа. Намаар далимдуулж өөрийнхөө амьдралыг дээшлүүлдэг байж болохгүй.