С.Эрдэнэ: Ээлжит бус сонгууль зарлаж ард түмнээрээ дүнгээ ТАВИУЛЪЯ
Өдрийн сонин, Сэтгүүлч ОТГОНШАРАВЫН АРИУНЦЭЦЭГ
УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ерөнхийлөгч гишүүдийн олонхын саналаар УИХ-ын даргыг огцруулах хуулийн төслийг өргөн барьж батлагдсан. УИХ-ын даргыг огцруулах асуудал хуулийн дагуу өнөөдөр шийдэгдэх боломжтой болж буй. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?
-Ийм хууль баталснаар төрийн дархлаа, Үндсэн хуулиар зохицуулсан зохицуулалт алдагдана гэдгийг хэлсэн. Одоо ч энэ байр суурин дээрээ байгаа. 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг маш их бодож, нэлээд судалгаа шинжилгээ хийж байж боловсруулсан. Үндсэн хууль дээр Б.Чимид, манай АН-аас төлөөлөл болж Галсандорж тэргүүтэй мундаг хуульчид ажилласан. Б.Чимид гуай “Үндсэн хуулиар Төрийн гурван өндөрлөг хоорондын харилцааг маш нарийн зохицуулсан. Манайх шиг хоёр том гүрний дунд оршдог улсын Төрийн удирдлага нь аюулгүй, гадны ямар нэгэн нөлөө халдлагад өртөхгүй байх тэр боломжийг байж болох бүхий л хэмжээнд хангасан зохицуулалтыг энэ хуулиар хийсэн. Энэ хуулийг битгий оролд” гэж хэлсэн удаатай. Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хууль төрийн дээд түвшний институци хоорондын зохицуулалтыг алдагдуулсан хууль болчих-лоо. УИХ-ын даргын албан тушаал тодорхой хэмжээний дархлаатай байж гэмээнэ парламент өөрөө тогтвортой байна. Парламентын ардчиллыг бид хэзээ ч үгүйсгэж болохгүй. Парламент бол тусгаар тогтнолын баталгаа юм.
-Танай намыг М.Энхболдыг өмөөрч байна гэх зэргээр ярьж байна л даа. АН-д нэг талыг барьж байгаа зүйл бий юү?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн асуудлаар дээр хэлсэнчлэн байр сууриа илэрхийлэхээр М.Энхболдыг хамгааллаа гээд байгаа юм. Би МАН-ын зодоонд оролцохгүй. Би төр тогтвортой байх ёстой гэж л ярьж байгаа. Надад хэн нэгнийг хамгаалаад байх шаардлага байхгүй. Би МАН гэдэг намыг татан буугдах ёстой л гэж бодож байгаа. Үнэхээр Монголын төрийг самарч байна.
Ер нь сүүлийн үед хэн нэгэн үг хэлэхээр тэр нь таалагдахгүй бол МАНАН, хужаа, урвагч болчихдог болж. Хүн үгээ хэлж болохоо байж. Ардчилсан улс орон мөн л юм бол хүн өөрийн үзэл бодол, байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. Энэ цахим ертөнцөд хүмүүс нэгнийгээ хэлэхийн аргагүйгээр хэлдэг болжээ. Ёс зүй, уламжлал, зан заншил гэж юу ч байхгүй болчихсон. Хэн бусдыг хамгийн муухай үгээр хараана тэр баатар болох гээд байх шиг. Ингэж шударга ёсны төлөө тэмцэж, эх оронч болдоггүй юм. Энэ бол хэт хөөрсөн, туйлшрагчдын л хийж байгаа үйлдэл. Би энэ хүмүүсээс айж үгээ залгиж чадахгүй.
-Сөрөг хүчний зүгээс энэ удаагийн парламентыг тарах нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсээр байгаа. Энэ тухайд?
-Энэ парламент үнэхээр чадамжгүй болчихлоо. Эрх баригч нам 65 суудалтай. Түүнээс нэг нөхөр нь бандаашны хэргээр огцроод явчихсан. 64 хүн нь 32-оороо хуваагдчихсан. Одоо хэд ч болж хуваагдсан юм бүү мэд. Үлдсэн хугацаанд энэ Их хурлын дарга огцроод шинэ дарга гарч ирнэ гэж байдаг. Энэ намын дотоод асуудал одоо ч үргэлжлээстэй. Ийм байдалтай цааш явж улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг улам дордуулж таарахгүй. Одоо цаг алдахгүй бүгд энэ үйлдлээ зогсоогоод УИХ-ыг тараах хэрэгтэй. Улмаар ээлжит бус сонгууль зарлаж ард түмнээрээ дүнгээ тавиулъя. Харин шинэ парламент гарч ирээд хэрүүл зодоонгүй, төрийг түвшин байлгах хэрэгтэй. Ийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэний үүднээс АН энэ шаардлагыг тавиад байгаа юм. Эд нар хагаралдаж байвал бид нарт сайн гээд хоолонд орох ээлжээ хүлээж байгаа юм шиг 2020 он болохыг хараад дуугүй суугаад байвал алдах юм байхгүй л дээ.
-Дараагийн УИХ-ын дарга хэн байвал тохиромжтой гэж харж байгаа вэ?
-Энэ 64 дотор УИХ-ын дарга хийх хүн байхгүй гэж бодож байгаа. Энэ дотор цэвэрхэн нэг ч хүн байхгүй. Өмнөх 32-ын бүлгүүд концесст холбогдсон, хууль бус үйлдлүүд хийсэн. Мөн ЖДҮ-д бараг 26, 27 хүн холбогдсон гэж дуулдаж байна лээ. Иргэдийн боломжийг хулгайлж, тэр мөнгөөрөө мөнгө хүүлсэн гээд байгаа. Энэ мэт эрүүгийн шинж чанартай маш олон үйлдлүүд хийсэн. Дахиад ухвал өшөө юм гарна л даа. Ний нуугүй хэлэхэд одоо аль нэг бүлэглэлийн л хүн гарч ирнэ.
Их хурлын даргын суудал руу улайраад байгаа юм уу, эсвэл Их хурлын дарга болчихоод АТГ, УЕП-ын даргыг томилох эрхийн төлөө яваад байна уу. Магадгүй шударга бусын хонгил гэж байдаг бол түүнийг нурааж шинэ хонгилын эзэн болох гэсэн улс төрийн тэмцэл яваад байна л гэж харж байна. Түүнээс Их хурлын дарга огцронгуут ам.долларын ханш, бензиний үнэ, өргөн хэрэглээний үнэ буурч, улс орны амьдрал сайжирна гэж харахгүй байна. Зүгээр л улс төрийн тэмцэл өрнөж байна. Тэр дундаа эрх мэдлийн төлөөх бохир улс төр явж байна.
-Нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй. Тэдгээр гишүүдийг УИХ-ын даргыг огцруулах гэхээсээ илүү өөрсдийн эрх ашгийн төлөө ийм зүйл хийж байна гэж ярих юм.
-Бүгд л ашиг сонирхлын зөрчилтэй л юм билээ шүү дээ. Манай намаас яваад байгаа хоёр нөхөр хоёулаа л тийм юм байна лээ. Баримт сэлтүүд гараад л байгаа. Албан ёсны тайлбар хийхгүй л юм байна. Үнэн болоод л тайлбар хийхгүй байгаа юм байлгүй. Нэр зааж хүмүүсийг яримааргүй байна. Олон түмэн харж л байгаа.
-Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь үнэн юм бол тэднийг шударга ёс тогтоох нь гэж итгэж, жагсаал цуглааныг нь дэмжиж байгаа ард түмэн яах болж байна вэ?
-Итгэж байгаа нь үнэн юм уу. Тодорхой хэсэг бүлэг хөөрсөн хүмүүсийн хөөсрөлтийг ард түмэн гэж буруу хараад байгаа юм биш биз дээ. Ухаантай, аливааг ойлгодог нийгмийн хэсэг эдгээр хүмүүсийг ерөөсөө хүлээж авахгүй байгаа шүү дээ. Мэдээлэл, ойлголт багатай хэсэг л тэднийг зөв юм хийж байна гэж хараад байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв байгуулагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ямар боломжуудыг нээж өгч байгаа вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв зайлшгүй шаардлагатай юм байна гэдгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа ойлгосон л доо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос ч над руу санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлээч ээ гэж удаа дараа хандаж, санал тавьж байсан. Хүн нэг бүр, байгууллага бүхэнд тав, арван төгрөг өгснөөр асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс нэгдсэн цогц сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг, эрт оношлогоо хийдэг төв байгуулах ёстой юм байна гэж үзсэн. 2013 оноос судалгааны ажил эхэлсэн. 2014 онд том хэмжээний төсөл маань бэлэн болж, санхүүжилтээ яаж олох вэ гэдэг асуудал гарч ирсэн л дээ. Азаар тэр үед Си Жиньпин дарга Монголд айлчилж, манай парламентад үг хэлсэн. Хятадаас нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хэрэгжих боломжтой болсон. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв барья гэдэг саналаа Засгийн газраар оруулж дэмжүүлсэн. Улмаар энэ саналаа БНХАУ-ын Засгийн газар луу явуулсан юм. Ингээд 2015 онд энэ төслийг чинь дэмжих боломжтой гэсэн хариу ирсэн. Хариу ирсэний дараахан зураг төслийг хийх мэргэжилтнүүдээ явуулсан. Манайхаас ч тэр, дөрвөн хүн гарч нийт найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан юм. 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн төслийн ажил албан ёсоор эхэлсэн. Хятадын ерөнхий сайд АСЕМ-ын уулзалтад оролцох гэж ирэхдээ уг төслийн шавыг тавьж байлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувьд шав тавих ёслолд оролцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Тэр цагаас хойш УИХ-ын гишүүн, энэ төслийг санаачилж эхлүүлсэн хүний хувьд, мөн хөгжлийн бэрхшлээтэй 14 мянган хүүхдийн эрх ашгийн үүднээс уг төвийн барилгын ажилд тасралтгүй санаа тавьж ирсэн юм. Ямартаа ч төслийн үр дүн гарлаа. Товлосон, гэрээнд заасан хугацаандаа энэ төсөл хэрэгжиж, маш том цогцолбор төв нээлтээ хийлээ.
-Та өөрийн цахим хуудаснаа уг төсөлтэй холбоотойгоор хүүхдүүд рүү маань чиглэсэн гүтгэлэг ирсэн гэж бичсэн байсан. Таны охиныг Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор танаас байцаалт авсан ч гэж яригдаж байгаа. Тэгэхээр эдгээр нь хоорондоо уялдаатай асуудлууд уу?
-Намайг сөрөг хүчний намын дарга гэдэг утгаар сүүлийн үед маш ихээр гүтгэж, доромжилж байгаа. Тэр дундаа цахим ертөнцөөр маш их дайрч байна. Миний хэлээгүй үгийг хэлсэн болгож, зурагтай минь хамт эвлүүлэг хийж цацах явдал замбараагаа алдсан. Гэхдээ надад эмзэглээд байх юм алга. Хэл аманд өртөх гэх мэт зүйлсийг давна гэж л сөрөг хүчний намын дарга болсон. Мэдээж хэрээс хэтэрсэн гүтгэлэг, доромжлолууд ирж байгаа. Хүний амнаас гарахааргүй үгээр дайрч доромжилж байна. Намайг юу гэж доромжлох нь сонин биш. Хамгийн гол нь миний үр хүүхдүүдээр оролдоод байгаад маш их эмзэглэж байна. Би “Хөгжлийн банк”-наас С.Эрдэнэ овогтой Содгэрэл ямар нэгэн зээл авсан байна уу, үгүй юу гэдэг асуудлаар тодорхойлолт авсан. “Хөгжлийн банк”-ны дэд захирал Энхбат гэж хүнээс хариу ирсэн. Тэр бичгэн дээр “Нэгдүгээрт, Э.Содгэрэлийн нэр дээр ямар нэгэн зээл огт гараагүй. Хоёрдугаарт, “Хөгжлийн банк” хувь хүнд зээл өгдөггүй, аж ахуйн нэгж байгууллагад хөгжлийн чиглэлээр зээл олгодог” гэсэн байсан. Мөн Улсын бүртгэлийн газраас манай охинтой холбоотой ямар нэгэн эд хөрөнгө байгаа эсэх асуудлаар үл хөдлөх хөрөнгийн лавлагаа авсан. Э.Содгэрэлтэй холбоотой ямар нэгэн аж ахуй нэгж, эд хөрөнгө бүртгэгдээгүй байна гэсэн хариу ирсэн. Би үүнээс өөр яаж нотлох юм бэ.
-Хүмүүс энэ мэт тодорхойлолтыг гаргуулаад авчих байх л даа гэсэн зүйлийг ярьж байх шиг байсан.
-Энэ байтугай тодорхойлолтыг гаргуулаад авчих байх гэж дайрч л байсан. Чулуу шидсэн болгонтой хэрэлдээд байлтай биш дээ. Би тоодгүй л дээ. Ийм гүтгэлэгийн шинж чанартай зүйлүүдийг удаа дараа л ярьж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн төслийг хэрэгжүүлэх гэж явж байх үеэс эхлээд над руу маш их дайралт ирж байсан. Тэр битгий хэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв барих санхүүжилтээр “Ардчиллын өргөө”-г барьсан гэх гүтгэлэг маш их явсан. Манай охины ажиллуулдаг хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих “Төгс эрдэм сан”-тай холбон мушгин гуйвуулсан гүтгэлэгүүд ч их байсан. Энэ мэт гүтгэлэг гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Харин худлаа гэдэг нь энэ төвийн барилга ашиглалтад орсоноор нотлогдож байна. Энэ төслийг Хятадын тал бүрэн хариуцаж явуулсан. Тиймдээ ч ямар нэгэн хардлага, сэрдлэг байхгүй тун амар байгаа юм. Харин тухайн үед Монголын талаас 2.6 тэрбум төгрөгийн төсөв гаргаж, дэд бүтцийн шугамыг холбох ажлыг хийсэн байдаг юм.