С.Амарсайхан: Хурал тасалдаг төлөөлөгчид өнгөрөгч хугацаанд юу хийснээ сонгогчиддоо өөрсдөө тайлагнаарай
2019.01.29

С.Амарсайхан: Хурал тасалдаг төлөөлөгчид өнгөрөгч хугацаанд юу хийснээ сонгогчиддоо өөрсдөө тайлагнаарай

Дарга, албан тушаалын асуудал яригдах болохоор 100 хувь ирц нь бүрддэг НИТХ хоттой холбоотой,   хотын амьдралтай холбоотой асуудал хэлэлцэх болохоор ирц бүрддэг ч хуралд суух төлөөлөгч олдохгүй байна. Хотын агаар орчны асуудал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Үүнийг хэлэлцэж, шийдэл гаргалгааг гаргах хүмүүс бол нийслэлийн төлөөлөгчид. Гэвч ирцээ бүртгүүлсэн болчихоод асуудал хэлэлцэж буй хурлыг орхиж, өрөөндөө ороод бүгчихдэг байж болохгүй. Үүнийг НИТХ-ын дарга С.Амарсайхан эрс эсэргүүцэж, бухимдалтайгаар төлөөлөгчдөд хандан үг хэлсэн юм.

Тэрээр

“… Өвчтэй, чөлөөтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай төлөөлөгчид бий. Гэвч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихсан төлөөлөгчдийн шалтгааныг юу гэж харах вэ. Иргэд амьсгалах агаар дутмаг, хүнд нөхцөлд амьдарч байхад тэдний амь амьдралын асуудлыг шийдвэрлэнэ гэж сонгогдсон төлөөлөгчид амин хувийн эрх ашгаа бодоод, бэртэгчин зан гаргаад алга болдог байж болохгүй.

Хувийн сонирхол, албан тушаалын асуудал яригдах болохоор гүйгээд ирдэг хэсэг бүлэг хүмүүст анхааруулж байна. Нийслэлийг сүүлийн 28 жилд бодлого төлөвлөлтгүй эзэнгүй айл шиг болгож орхичихоод, амьсгалах агаарыг нь газартай нь хамт зарчихаад, одоо хувь заяаг нь зарж идэх гээд тендер, албан тушаалын төлөө амь тавих гээд явж байгаа нөхдүүд орж ирж хуралдаа суу.

Ийм асуудалтай эвлэрэхгүй шүү.

“Цагаан сарын баяр болох гэж байна. Тойрогт ажиллах зардлаа авья” гээд гуйгаад гүйгээд байгаа зарим нөхдүүдэд хэлэхэд, авах идэх болохоор уургын морь шиг, албан тушаал ярихаар өлөн чоно шиг, асуудал ярих болохоор хашин морь шиг байдаг хүмүүсийн нэрийг зарлана. Арай дэндэж байна. Хэн нэгэн хүний эрх мэдэл, албан тушаалын тухай бус нийслэлийн эрх ашгийн асуудлыг ярих гэж бид энд цуглаад байна. Тэр дундаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа агаар орчны асуудлыг хэлэлцэх гэж байна. Гэтэл хурлын танхимд хэдэн хүн орж ирсэн байна вэ. Хэд нь өрөөндөө сууж хурлыг боекотлож байна вэ. Болзол шаардлага тулгаж байж хуралд сууна гэдэг нөхдүүд энэ үйлдэлдээ анхаараарай. Жаахан сэтгэлтэй, хариуцлагатай, оролдлоготой байгаарай. Ийм асуудалтай цаашид эвлэрээд явахгүй. Олон удаа хэлж, анхааруулсан.Та нөхдийг гэрээс тань очиж, орноос тань босгож, улаан хивстэйгээр угтах ёстой гэж байгаа бол түүнийгээ ард түмэн, сонгогчиддоо зарлаарай. Ажил хариуцсан зарим төлөөлөгчид нийслэлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна гэж байгаа бол суудлаа өгөөд явцгааж болно. Эхнээсээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж, анхаарал, сануулга аваад явж байгаа нөхдүүдэд би анхааруулж байна. Та нөхдийн нэр усыг зарлана шүү.Хурлын ажлын алба НИТХ-ын төлөөлөгчдийн ирцийг тогтмол зарлаж ажилла.

Өнгөрсөн жилүүдтэй нь харьцуулан зарла. Үүний дараа миний нэрийг зарлалаа гээд битгий гоншигноод байгаарай. Та нар насанд хүрсэн, мөн иргэдийнхээ өмнө амлалт өгч сонгогдсон хүмүүс шүү. Хэн нэгнээр уриулдаг, хайлгадаг ийм хүмүүсийг нийслэлийг удирдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд юу хийснээ та бүхэн иргэддээ өөрсдөө тайлагнаарай. Төрийн албан хаагчдыг ажилгүй, ёс зүйгүй байна гээд загинаад байдаг өөрсдийнхөө байгаа царайг хар л даа. Загинуулж байгаа албан хаагчдаасаа долоон дор хамгийн муу үлгэр жишээг үзүүлж, хамгийн хариуцлагагүй үйлдлийг гаргаж байна.НИТХ-ын дахь МАН-ын хэсэг нөхдүүдэд би анхааруулья. Та бүхний нэрийг зарлана шүү” гэсэн юм.

Үнэхээр иргэдийнхээ өмнө олон сайхан амлалт өгч сонгогдсон төлөөлөгчид одоо өрөөндөө юу бодож, юу хийж суудаг юм бол? Мөн тэд ирэх сонгуулиар иргэддээ юу хийсэн гэж ажлаа тайлагнах вэ?